АТГ-аас зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж эхэллээ

АТГ-аас зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээжээ. Ингэхдээ дээрх шүүгчдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж  үзсэн бөгөөд энэ сарын 13-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн байна. Мөн мөрдөн байцаагчид шүүгчдийн гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас уг саналыг  Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсан байна. Учир нь шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна.

Түүнчлэн зарим эх сурвалж дээрх зургаан шүүгчийн нэрийг зарлсан. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү шалгах хүсэлт гаргаж байгаа гэж байна. Хэрэв Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргасны дараа нэр бүхий зургаан шүүгчийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгах юм.