Монгол Улсын Ерөнхийлөгчийг зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн. Тэгвэл ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлжээ. Мөн АТГ-т хоёрдугаар сарын 2-ны өдөр Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх лавлагааг нь авсан байна. Тиймээс түүнийг томилох асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй байна. А.Ганбатын тухайд Зэвсэгт хүчинд 1979-2010 онд алба хааж байсан. Энэ хугацаанд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны 7 дугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын I орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч-хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байжээ. А.Ганбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ.
ХОШУУЧ ГЕНЕРАЛ АЮУШИЙН ГАНБАТЫН НАМТАР
- 1962 онд Улаанбаатар хотод төрсөн
- 1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургууль
- 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль
- 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи
- 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи
- 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн.