"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Монголын эрдэмтэдийн Үндэсний зөвлөл"-тэй хамтран Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд дэвшилтэд технологуудыг нэвтрүүлж, эрдэмтэн судлаачдын нээлт, бүтээл зөвлөгөө судалгааг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж буй ажээ. Тэгвэл энэхүү ажлын эхлэл болгож яг одоо "Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл" зөвлөгөөн “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна.
Яг одоо болж буй эрдэмтэдийн зөвлөгөөний үеэр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн буюу шатдаг хий, моторын түлш, био түлш, утаагүй түлш гаргах мөн сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага болоод буй ногоон технолгои нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй юм. Үүнээс гадна байгалийн баялгаа зөвөөр ашиглах, баялгийн сан байгуулж ард иргэддээ тэгш хуваарилсан амжилттай туршлагуудыг судалж ногдол ашиг олгох ажлаа эрчимжүүлэх, Гашуунсухайтын төмөр замыг дуусгах тус чиглэлийн зэрэгцээ зам барих ажлыг эхлүүлэх, олон мянган тээврийн жолооч нарыг ажил амьдрал, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан ёстанцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо хуваалцаж буй юм. Хамгийн чухал нь компани дээрх төслүүдийг олон улсын зах зээлмээс IPO босгон санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн "Эрдэнэс Таваниолгой"-н удирдлагууд төслийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааны ажилд чухал дэмжлэг болохыг онцолж байгаа бөгөөд энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтэдийн үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.
Дашрамд мэдээлэхэд зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагууд мөн Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС болон холбогдох бусад байгууллагын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцон илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.