Яг одоо хуралдаж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаар УИХ-ын даргыг томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эрх баригч МАН-ынхан УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигчийг МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан уншиж танилцууллаа.
Улмаар УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатараас зарим асуултуудыг асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
-Хууль эрх зүйн шинэчлэлээс гадна Үндсэн хуулийн шинэчлэл дээр ухаалаг зөв алхамуудыг хийнэ гэдэгт итгэж байна. Та энэ хууль эрх зүйн шинэчлэл дээр ямар бодитой ажил хийхээр бодож байна вэ. Саяхан та ЗГХЭГ-ын дарга байхдаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг анхаарч хөтөлбөр гаргасан байгаа. Тэгвэл энэ хугацаанд ямар чиглэлээр төр маань хувийн хэвшлүүдийг дэмжсэн бэ. УИХ хууль гаргаад суугаад байх ёсгүй. Эдийн засгийг, амьдралыг сайжруулах нь бидний үүрэг. Одоо манай эдийн засаг маань 6.4 хувийн өсөлттэй байгаа ч гэсэн ажиллах хүчний бодлогоо сайжруулах хэрэгтэй байна. Аж үйлдвэрийн бодлогыг яаж засаж сайжруулах вэ. Хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих вэ? .
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
-Маш чухал ажил хэрэгч асуулт байна. Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулсан. Аливаа шийдвэр гаргахдаа хувийн хэвшлийнхээ санал бодлыг сонсдог байхын тулд ажиллаж байна. Нөгөө талаас хувийн хэвшлийнхэн маань нэгдээд нэгдсэн бодлогоо оруулж ирж болно. Мөн Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Ингээд энэ жилийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжих жил болгож зарлаад байна. Үндэсний үйлдвэрээ дэмждэг соёл, хэрэглээг бий болгох тодорхой бодлогуудыг мэргэжлийн холбоодынхоо саналаар бий болгосон. Энэ цагаан сараар ч гэсэн төр, хувийн хэвшлийнхэн маань үндэсний үйлдвэрийг дэмжих хэрэгтэй. Мөн энэ хүрээнд бид татварын хуулийг шинэчилж батлуулахаар ажиллаж байна. Мөн тендэрийн хуулийг ч гэсэн өөрчилж сайжруулахаар төлөвлөж байгаа. Цаашдаа импортын татварын асуудлыг ярих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрээ дэмжихгүйгээр эдийн засгаа солонгоруулж чадахгүй. Зөвхөн уул уурхайг хараад суувал эдийн засаг шинэ түвшинд гарахгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Эгзэгтэй цаг үед УИХ-ын дарга гэх хүндтэй албанд ажиллах гэж байна. Ажлаа аваад МАН, Монголд төрд үүсээд байгаа гацаа түгжээг арилгаж, эвлэрэлийг бий болгохын төлөө ямар ажил хийх вэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол бид цаашдаа явахгүй юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн хурдан хийх вэ. Улс төрөөс ангид төрийн үйл ажиллагаа явуулах тал дээр ямархуу бодлого барьж ажиллах вэ?
-УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуульд Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Төрийн түшээд бид ард түмний төлөөлөл байх учиртай. Тиймээс шударга ёс дээр суурилсан эв нэгдэл парламентын шинэчлэлийн гол зорилго байх ёстой. Улстөржилт, хуваагдал бол хоёрдугаар асуудал. Хамгийн нэгдүгээрт ард түмний эрх ашгийн төлөө бид нэгдэж ажиллах ёстой. Тиймээс ч бид нэгдэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол энэ парламентын хийх ёстой хамгийн чухал ажил. Ард түмэн үүнийг хийлгэхийн тулд ч МАН-д 65 суудал өгсөн байх.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Парламент шинэ даргатай болох гэж хоёр сар гацаж арай гэж шинэ даргаа томилох гэж байна. УИХ-ын даргад хамгийн эхэнд Ц.Нямдорж сайдын нэрийг оруулж ирэх байх гэж бодсон МАН дэмжээгүй бололтой. Бас Т.Аюурсайханыг оруулж ирэх болов уу гэсэн МАН залуучуудаа дэмжээгүй бололтой. Г.Занданшатарт нэг давуу чанар бий. Тэр бол шинэ цагийн улстөрч. Харин хэд хэдэн сул тал бий. Тэр нь Бадамжунай, Хурцтай дэндүү ойрхон. Нөгөө МАНАН-ын бүлэглэлтэй ойрхон шүү. Сонгогдсоны дараа МАНАН бүлэглэлтэй нийлээд явчихвал Монгол чинь хохирно шүү. Баялагтаа эзэн болохын тулд эрх баригч нам Г.Занданшатарыг оруулж ирж байгаа юм шиг байна. Гэхдээ танаас зоригтоо ажиллахыг шаардана. Сонгогдсоныхоо дараа хууль хяналтын байгууллагын бүх удирдлагыг солихыг шаардана. Хэрвээ муу ажиллавал огцруулахын төлөө тэмцэнэ шүү.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Та намтар дээрээ эдийн засгийн магистр гэсэн мөртлөө профессор гэжээ. Профессор 15-20 жил их дээд сургуульд багшилж байж авдаг. Магистрт судалгааны ажил удирдах эрхгүй л дээ. Дүр эсгэж,намтраа хүртэл худлаа бичээд эхлэвэл бурууддаг гэж ерөнхийлөгч хэлдэг дээ
УИХ-ын гишүүн. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Миний төгссөн сургууль надад өгсөн цол шүү дээ. Би байгаагаар нь л бичсэн
УИХ-ын чуулган үргэлжилж байна...