Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хурлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна. Хэлэлцүүлгийн явцад асуулт асуух гишүүн байхгүй байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал хэлсэн. Тэрбээр "Г.Занданшатар сайдыг энэ ажлыг хийчих төрийн дадлага туршлагатай гэж бодож байгаа. Засгийн газрын гол тогоог барьж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа. Тиний дүү хэрэг эрхлэхийн дарга байгаа юм. УИХ-ын дарга болох хүн хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Парламентын нэр хүндийг сайжруулах, гишүүдийн эвийн олоход УИХ-ын даргын үүрэг роль маш чухал. УИХ-ын дарга парламентын нэрийн хуудас шүү. УИХ-ын дарга муу ажиллавал 38 хүний гарын үсгээр огцруулах хуулийн заалт байгаа гэдгийг санаж ажиллаарай. Ирэх хаврын чуулганд шийдэх хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт шүү. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маш олон ажил хийсэн шүү. Энэ хүмүүсийн ажил талаар болох вий. УИХ-ын шинэ дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн болсонд олзуурхаж байна" гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Би нэг л зүйлийг захья. Г.Занданшатар дарга та дээрээ ганцхан даргатай болсон. Хууль тогтоох дээд байгууллагын дарга хуульд л захирагдана. Тиймээс хуулиа дээдэлж явахыг танд хүсье. М.Энхболд дарга бол Төрийн байгуулалтын байнгын хорооны ажилд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. Энэ парламентыг гурван жил шахуу удирдахдаа чамгүй олон хууль батлуулсан. Ингээд М.Энхболд даргын хууль тогтоох цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье" гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд нийт 13 гишүүн оролцсон юм.
