МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулсан. Ингэхдээ намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлсэн Г.Занданшатарыг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тэгвэл энэ хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхий сайдаас асуулт тодруулга авчээ. Ингэхдээ С.Зоригийн хэрэг дээр Ерөнхий сайдыг анхаарч ажиллахгүй байгааг хүссэн гэх мэдээлэл байна. Харин Ерөнхий сайд С.Зоригийн хэргийн талаар би оролцох гэхээс илүү хуулийн байгууллага нь анхаараад явах нь зөв хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр М.Энхболд гишүүнээс албан ёсоор уучлалт гуйсан байна. Ингэхдээ “УИХ-ын дарга асан М.Энхболдоос албан ёсоор уучлал хүсч, өөрийн итгэл үнэмшлийн төлөө өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд явж байхдаа муухай сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай, албан ёсоор танаас уучлал хүсч байна” хэмээжээ.
Түүнчлэн өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын даргад нэр дэвших бодолтой байгаагаа хэлсэн ч Ерөнхий сайд дунд үеэ дэмжинэ гэжээ. Мөн цаашдаа эвтэй байж, УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжиж ажиллахыг хүссэн байна.
