МАН-ын УЗ Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжлээ

УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор түүний оронд хэн очих вэ гэсэн асуулт олон хүний анхаарлыг татаж байгаа. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах үеэр Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийнхөө нэрийг УИХ-ын даргад дэвшүүлжээ. Харин Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн байна. Ингэснээр  Г.Занданшатар Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 дэмжлэгийг авчээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Удирдах зөвлөлийн хурлаас гарч ирсэн даруйдаа хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр тэрбээр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний хүсэмжлэл, нийгмийн шаардлага бол төрийн эрх барих байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлж эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох явдал. Ингэж байж УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн бүхий л шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлнэ. Энэ бол УИХ-д хамгийн их тулгамдсан асуудал. Төрд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх л хамгийн чухал" гэжээ.

Г.Занданшатар нь 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа.  Гадаад харилцааны сайдаар ажиллаж басан туршлагатай юм. Мөн түүний оронд ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг очно гэсэн мэдээлэл байна.