2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт маргаашнаас иргэдийн данс руу орно

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр иргэдийн дансанд маргаашнаас эхлэн 2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг шилжлүүлэхээр болсон тухай мэдээллээ. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянга гаруй хүн авах бөгөөд үүнд 120 гаруй тэрбум төгрөг олгох ажээ. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг өмнөх онтой харьцуулахад буцаан олголтын хувь хэмжээ өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78 тэрбум төгрөг олгож байжээ. 

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн шинэ он гарахаас урьтаж, зарим иргэн НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо авсан. Энэ нь хууль бус бөгөөд үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг чөлөөлнө гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас эл асуудлыг хэлэлцэж түүнийг ажлаас нь чөлөөлжээ. 

Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд 2017 оны долдугаар сард Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв.