УИХ-ын дарга М.Энхболдыг 66.2 хувийн саналаар огцрууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 29 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай тогтоолыг УИХ-д мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргалаа. Нууц санал хураалт явуулахад 17 гишүүн оролцсоноос хүчингүй 1, дэмжсэн 8, дэмжээгүй 8 саналын хуудас гарснаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн" хэмээн Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Улмаар Байнгын хорооны санал,дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Үүний дараа  УИХ-ын даргыг чөлөөлөх байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулахаар тогтсон бөгөөд санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.