Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Хурлын эхэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг маш сайн мэдэж байгаа. Та энэ хувьчлалтай холбоотой юу?
УИХ-ын дарга М.Энхболд:
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан талаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж байсан. Тэр үед би МАН-ын даргын хувьд энэ асуудлыг шалгуулна гэж мэдэгдэж байсан. Түүний дараа УИХ-ын тогтоол гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Хэн нэгнийг буруутгахын тулд юу ч хамаагүй ярьж болохгүй гэж бодож байна. Тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр ч Засгийн газар ажиллаж байгаа ч хэрэгжүүлэхгүй байгаа учраас дахин ажлын хэсэг байгуулж, шалгах үүрэг, чиглэл өгсөн. Ажлын хэсэг одоо ч ажиллаж байна. Засгийн газар асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь Захиргааны хэргийн шүүх дээр унаж байгаа гэдгийг тайлбарлаж байгаа ч Засгийн газар өөрсдийнхөө байр суурийг хамгаалахгүй байгаа талаар дэд сайд хэлж байсан. Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх асуудлыг надтай холбож, гүтгэж, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Би энэ тогтоолын төслийг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг байр суурин дээр одоо ч байгаа. УИХ Үндсэн хуулиараа төрийн эрх дээд байгууллага бөгөөд хамгийн тогтвортой ажиллах том байгууллага. Тогтоолын төсөл дээрх агуулга нь ойлгомжгүй байна. Хувь хүнийг огцруулж байгаа бол тодорхой, үндэслэл, учир шалтгаан байх ёстой гэдгийг байнга хэлж байгаа. Дараагийн УИХ-ын дарга томилогдоход олонхид таалагдаагүй бол гарын үсэг зураад шууд чөлөөлнө. Энэ бол маш буруу жишиг. Дараагийн УИХ даргад яаж нөлөөлөх вэ. Чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж гэж тодотгожээ. Энэ юу гэсэн үг вэ. Парламентынхаа түүхэнд хар толбо үлдээж байгаагийнхаа хариуцлагыг МАН-ынхан энд байгаа та нар үүрнэ шүү.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Ямар толбо үлдэхийг мэдэхгүй байна. Гишүүд хуулийн дагуу тогтоолын төсөл оруулж ирсэн байна. Ер нь бол энэ асуудлын дараа УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг спикер, парламентын дархлааг тээгч чиглэл рүү явах зайлшгүй шаардлага байгаа юм. Тиймээс шинэ УИХ-ын дарга, намын бүлэг ярилцах байлгүй дээ. Бид цаг хугацаа, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, энэ хуулийг аргагүй эрхэнд батлахаас өөр аргагүй болсон. Гэхдээ Монголын төр, парламент дархлаатай байх чиглэлээр ажлын хэсэг байгуулж, ажиллаж, хийх байх.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Ерөнхийлөгчөөс өргөн барьж, баталсан хуульд УИХ-д албан ёсоор тавьж гэдэг үг, үсэг орсон. Тиймээс 39 гишүүн үндэслэлээ гаргаж, гарын үсгээ зурж, өргөн барьсан. Хамгийн зөв гарц нь УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөх байсан. Одоо ч тэр боломж нь байгаа. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн УИХ-ын даргыг Ёс зүйн хариуцлага хүлээгээч гэдэг хүсэлтийг тавьж ирсэн. Түүний дараа бид хоёр ч удаа жагсаал зохион байгуулж, бойкот хийжсэн.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуултаа хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүд саналаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Гишүүдийн яриад байгаа парламентын дархлаа гэдэгтэй санал нэг байна. МАН-ын хувьд ичиж үхмээр зүйл болж байна. Шударга бусын хонгил, 60 тэрбум гэсэн хоёр асуудлыг ярьсаар УИХ-ын даргыг огцруулна гэнэ. Шүүх, хууль хяналтын байгууллагаар энэ хүнийг буруутай гэдгийг тогтоогоогүй байхад ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гээд байх юм. Үнэхээр шударга байя гэвэл нийгэмд маш олон зүйл бий шүү дээ, залуучуудаа. Шударга ёс ярина гэвэл төмөр зам, ЖДҮ гэх мэт асуудлыг яагаад ярихгүй, үүний араас хөөцөлдөхгүй байна вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид ард түмнийхээ итгэлийг алдахаас айдаг гэж байсан. Бид алдсан, тэр итгэлийг. Монголын төрд ноён нуруутай, тулхтай, буруу, зөвийг хар цагаанаар нь ялгаж чадах төрийн зүтгэлтэн үгүйлэгдэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-60 тэрбумын яриаг дотор нь байсныг мэдээд огцруулах гэж байна гэх юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр та нар өмөөрөөд л явж байсан шүү дээ. Болиоч та нар. Энэ жүжгээ боль. "Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-ын тогтоолоор авчихсан. Авчихсан юм бол яагаад нэг компани өөрийнхөө хувьцааг зарах гээд байна, яана аа гэж гүйгээд байгаа юм бэ. Шүүх дээр та нарын хийсэн алдаа тэдэнд ашигтай нотлох баримт болдог. Та нар алдаа гаргаснаа мэдэж байгаа шүү дээ. Та нарыг сайн ярилц гээд байхад попроод, онгироод ийм байдалд орсон. Одоо Арбитар руу ганц хандаад хоёр тэрбум ам.доллар нэхэмжлээд Лондонд очоод хэвтчинэ. Энд хэн хохирох вэ. Уучлаарай гээд явах уу, 60 тэрбумын ёс зүй хөөж байсан шурдарга гээд өөртөө хүрлээр хөшөө барих уу. Энэ үйлдвэрийг дампууруулах сонирхол та нарт байгаа. Нөгөө талд хуульч ажиллаж байгаа. Та нарт сэтгэл хөдлөл ажиллаж байгаа. Одоо та нар ямар даргыг зүтгүүлж байгааг би мэднэ ш дээ. Наадах чинь ерөөсөө л албан тушаал. Энэ хүнийг та нар 65-уулаа сонгосон. Бүлгээрээ, Удирдах зөвлөлөөрөө ярьж сонгочихоод одоо намын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө л огцруулж байгаа. Огцруулахын тулд төрөөр тоглож байна. Төрөөр тоглохоо боль. Чи Монголын төрөөр хоёр удаа тоглолоо шүү Л.Оюун-Эрдэнэ ээ. Эхний удаа хар машины асуудлаар орилж яриад З.Энхболд чамайг төмсөгдсөн. Сүхбаатар дүүргийн цагдаа дээр хүн гүтглэгээ гэж эрүүгийн хэрэгт татагдах гээд. Дараа нь чи Харвард явсан. Та хоёр юугаар тохирсныг би мэдэхгүй. Эргэж иргэд Монголын парламентыг 40 хоног гацаалаа. Залуу хүн байж битгий бусдын гар хөл бол. Би наад ах нарыг чинь маш сайн мэднэ. Х.Баттулгыг ядарч явахад би тусалж явсан. Гэхдээ би өмөөрч яваагүй. Эрдэнэтийн 49 хувь гэж дуугарах болгонд чинь нөгөө талд чинь ашигтай тусаад байна. Тус болох гэж байгаа бол дуугүй бол.
Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хураалаа. Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг нууцаар санал хураах саналтай. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү ил тод санал хураах санал гаргасан ч хуульд нууцаар санал хураах ёстой учраас нууцаар санал хураасан юм. УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлаар хуулийн дагуу цахимаар санал хураах, цаасаар хураах эсэх асуудлаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, цаасаар нууц санал хураалт явуулахаар болж, тооллогын комисс байгууллаа.
Хуулийн дагуу цаасаар нууц санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулсан юм.
Тооллогын комиссын даргаар Д.Хаянхярваа томилогдсон бөгөөд тэрбээр санал хураалтыг зохион байгуулж улмаар тооллогын комисс дүнгээ танилцуулсан юм.
Тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Санал хураалтад 17 гишүүн оролцсоноос дэмжинэ гэсэн 8, дэмжихгүй гэсэн 8, хүчингүй 1 саналын хуудас гарлаа" гэсэн юм.
Улмаар ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан санал хураалт тэнцэж, байнгын хорооны хуралдаанаар тооллогын комиссын саналыг дэмжих боломжгүй гэсэн саналын томъёоллоор чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Жич: Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн нэрс:
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү,
УИХ-ын гишүүн Ж.Батзандан,
УИХ-ын гишүүн Б.Жавхлан,
УИХ-ын гишүүн Г.Занданшатар,
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,
УИХ-ын гишүүн Б.Наранхүү,
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
УИХ-ын гишүүн О.Содбилэг,
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн,
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа,
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат,
УИХ-ын гишүүн Н.Энхболд,
УИХ-ын гишүүн М.Энхболд,
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат,
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат