Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй, 1000 гаруй ам метр талбайтай, 100 сая орчим төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй, гэр бүлийн гишүүн нь өмчилдөг “Toyota harrier” маркийн автомашиныг мэдүүлээгүй, бусдад автомашин худалдсан 22 сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй, гэр бүлийн гишүүнийхээ банкны хадгаламжийг мэдүүлээгүй байна.
Мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь өөрийнхөө нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй, Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлээгүй, 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлээгүй байна. Тэгсэн атлаа 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлжээ.
Ш.Алтангэрэл нь өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байна. А.Хаянхярваа нь нэр бүхий хоёр аж ахуйн нэгжийн захирлаар бүртгэлтэй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл аж.
АТГ-аас дээрх зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүлсэн. Тухайн зөрчилд тохирсон хуулийн хариуцлага нь ажлаас халах юм. “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй... бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” гэж хуульд заасан байдаг аж. Иймээс Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарт ажлаас халах хариуцлага тооцуулахаар АТГ-аас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад албан бичиг явуулсан ч цалингийн хувь хэмжээг бууруулах шийтгэл ногдуулжээ. АТГ "давж заалдаж" Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид Ж.Батбаясгаланд хандсан байна.