Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн 10 гаруй хоригдол тээвэрлэж явсан авто машин осолдож, газар дээрээ нэг хоригдол амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ. Осолд орсон хоригдлуудын гурвынх нь биеийн байдал хүнд байгаа бол нэг нь газар дээрээ нас барсан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Гэвч албаныхан одоогоор энэ талаар албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
Албан бус мэдээллээр тус хоригдлуудаар мод бэлтгүүлэхээр авто машинаар тээвэрлэж байхад нь осол гарсан аж. Уг хорих анги нь хаалттай хорих бөгөөд тус хориход онц хүнд гэмт хэрэг үйлдсэн болон давтан гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд ял эдэлдэг байна. Цагаан сар, улсын наадам зэрэг томоохон баяр, ёслолын үеэр хорих ангиуд хоригдлуудыг гадагш гаргадаггүй журамтай аж.