Д.Отгонжаргал: Амиа алдсан цэргийн хэрэг дээр дахин шинжээч томилж, үзлэг хийж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр цагдаагийн удирдлагуудыг хүлээн авч улмаар олны анхаарал татаад буй хэргүүдийг сайтар шалгаж, үнэн зөв шийдэхийг даалгасан. Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаныхан сүүлийн үед олны анхаарлыг татаад буй хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, өнгөрсөн өдрүүдэд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл хийсэн. Тэрбээр "Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичсэн байсан. Үүн дээр дахин шинжээч томилж, үзлэг хийж байна. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна. Эхний байдлаар цэргийн алба хаагчид бие биедээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь хохироход нөлөөлсөн эсэхийг шалгаж байна. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчдад гар хүрч байгаа нь бичлэгт үлдсэн байсан. Энэ нь амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг тогтооно" хэмээсэн юм. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

 -Талийгаачид ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн гэдэг үнэн  үү?

-Мөрдөгчийн болон шинжээчийн баримталж байгаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор, мөрдөгч өөрийн санаачилгаар шинэчилгээ явуулах үүрэгтэй. Энэ үүрэг нь аливаа гарсан гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх ажиллагаатай холбоотой юм. Ялангуяа хүн нас барсан хэрэг дээр шуурхай хийх ажиллагааны хүрээнд хохирогчийн ар гэрт танилцуулах үүрэг мөрдөгчид байдаггүй.

-Хохирогчийг гадны нөлөөгүй нас барсан гэж мэдээлсэн нь олон хүнийг гайхшруулж байгаа. Шалгалтын явцад ноцтой зүйлүүд шинээр илэрсэн үү?

-Мөрдөгч шинжээч хоёр  цогцсонд гаднах үзлэг хийхдээ хамт хийдэг. Мөрдөгч тэмдэглэл хийдэг. Гэхдээ хүний биед нас барсны дараа үүссэн өөрчлөлтүүдийг мөрдөгч тэр бүр таньж мэдэх бололцоогүй учраас шинжээч эмчийг оролцуулдаг. Шинжээчийн дүгнэлт   зөрүүтэй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч ирнэ. Урьдчилсан байдлаар дүгнэлт гараагүй. Цогцсонд үзлэг хийсэн. Үзлэгийн  гаднах шинж тэмдгийг гадны ил харагдах гэмтэл шархгүй байна гээд хэлчихсэн асуудал.

-Өчигдөр танайхаас мэдээлэл хийхдээ урьдчилсан дүгнэлт гарсан гэсэн шүү дээ?

-Мэдээлэл хийсэн манай ажилтан хуулийн хэллэгийг буруу хэрэглэсэн. Урьдчилсан байдлаар ямар ч  дүгнэлт гараагүй. Бид үргэлжлүүлэн дотор эрхтний байдлаас шалтгаалан нас барсан эсэхийг тогтоохоор эсийн нарийвчилсан шинжилгээг авсан. Шүүх эмнэлгээс нарийвчилсан эсийн шинжилгээний эцсийн дүгнэлтийг 21 хоногийн дотор гарна. 

Мөн хурлын үеэр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэргийг шалгасан талаарх мэдээллийг өгсөн бөгөөд хэргийг шалгаж дууссан тул талийгаачийн өмгөөлөгч өчигдрөөс хавтаст хэргийн материалтай танилцаж эхэлсэн байна. Хэрэг гарснаас хойших гурван сарын хугацаанд мөрдөн байцаагчид талийгаачийн хувийн харилцаа, хань, хамсаатнуудын талаар өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулжээ. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал "Гадуур яригдаж байгаа сэжиг, таамгуудыг бүгдийг шалгасан.  Хохирогчийн ээжийг хүлээн авч уулзсан. Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа шиг цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан.  Эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй” гэлээ. Мөн энэ үеэр Франц улсад байгаа Ч.Гэрэлхүүгийн хэлсэн мэдээлэл болох дөрвөн иргэн виски бариад байранд нь орсон гэх мэдээллийг мөн үргэлжлүүлэн шалгана гэсэн юм.