Авлигатай Тэмцэх Газар сар бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж, 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.
Албаныхны өгсөн мэдээллээр 2018 оны тухайд АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 10,381 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.
- Мөн Засгийн газрын 2017 оны 244, 326 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаанд үүргээ биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан АТГ-т мэдүүлжээ.
- Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа талаар АТГ мэдээллээ.
- Түүнчлэн Гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээллээс 447 гомдол, мэдээлэл буюу 52.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 327 гомдол, мэдээлэл буюу 38.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 76 гомдол, мэдээлэл буюу 8.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 30 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 98.9 хувьтай байна.
- 2018 онд иргэд, байгууллагаас 1,887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.
- 2018 оны байдлаар 1,473 үйлдэлтэй, 1,224 холбогдогчтой 1,138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал, эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа нийт 25 үйлдлийг шинээр нөхөн илрүүлсэн байна.
- Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяалалын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.
- 2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Үүний дараа хэвлэлийнхний сонирхсон асуултанд хариулсан.
-Оффшор бүсээс 74,9 сая ам доллар Монголд орж ирсэн гэдэг мэдээллээ тодруулахгүй юу?
-Оффшор бүсэд нийтдээ 85,9 сая ам доллар байгаа гэсэн тооцоог хийсэн байдаг. АТГ оффшор бүсийн асуудлыг шалгах явцад 74,9 сая нь Монгол Улсад ямар нэг хэлбэрээр орж ирсэн нь тогтоогдоод байна. Бид мөнгө болгоныг араас нь хөөж шалгаж байна.
-"Петровис"-ын Давааням болон өөр бас нэг эрхмийг 48 цаг хориод суллалаа. Энэ хүмүүс оффшортой холбоотой байсан уу?
-Оффшорын хэрэгтэй холбоотойгоор 4 дугаартай хэрэг байгаа. Нэр бүхий хүмүүсийн тухайд 20 сая орчим ам доллар хоёр ААН-ийн дансаар хоёр удаа орж ирсэн. Мөнгө угаагдсан байж болзошгүй байдал тогтоогдсон учир үүнийг мөрдөн шалгах ажиллагааг Прокурор шүүхийн хяналтын дор явуулсан.
-Ерөнхий сайд асан С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргийг бас тодруулж асуумаар байна...
-Оффшортой холбоотой 4 дугаартай хэргийн нэг нь Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой. Мөн Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэргүүд байгаа. Санийн сайд асан Баярцогтын тухайд хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойн хувьцаа эзэмшиж байгаад гэрээ байгуулсны дараа хувьцаагаа худалдаж их хэмжээний ашиг олсон зэрэг байдал давуу байдал тогтоогдож байгаа учраас шалгаж байгаа юм.
-ЖДҮХС-тай холбоотой хэргүүд ямар шатандаа явж байна вэ?
-ЖДҮХС-тай холбоотой хэрэгт мөрдөн байцаалт хийгдээд явж байна. Нийтдээ 1041 төсөл хөтөлбөр ирээд хасагдсаар байгаад тодорхой хэдэн төсөлд зээл олгосон. Тэр бүрийг тодотгон шалгаж байна. Зээл авсан ААН, иргэн бүрийг гэмт хэрэг үлйдсэн гэж үзэж болохгүй. Хамгийн гол нь албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж давуу байдлаа ашигласан уу гэдгийг шалгаж байгаа юм. Ингэж ялгаж салгаж хандах ёстой. Сонин хэвлэл дээр яваад байгаа УИХ 23 гишүүн холбогдсон гэх тоо бол худлаа. Бид энэ хэрэгт ямар нэгэн тоо зарлаагүй байгаа.
-С.Баярын асуудлыг 1-3 настай хүүхэдтэй учраас гадуур шалгаж байгаа юм уу. Сайханбилэг Монголоос гарсан гэх мэдэлэл байна. Үнэн үү?
-Оюутолгойн гэрээ төлөвлөгөөтэй холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд болон зарим сайд нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 6 хүнийг яллаглагчаар татаж шалгаж байна. Одоогоор Монголоос гарч явсан хүн байхгүй. Тэд хил гаалийн хоригтой байгаа.
-С.Баярыг яагаад хорьж шалгахгүй байгаа юм бэ?
-Хорьж цагдах асуудал хуулийн нарийвчлалтай байдаг. Энэ бол бидний эрхээс давсан шүүхийн эрх мэдлийн хүрээний асуудал байдал. Шүүх өөрийн эрх мэдлийн хүрээндээ шийдвэрээ гаргасан хэрэг.
-Эрдэнэтийн 49 хувийн шалтгалт ямар шатандаа байна вэ?
-Шалгаж байгаа. 49 хувийг ямар мөнгөөр яаж авсан бэ гэдгийг шалгаж байна, тодорхой асуудал тогтоогдож байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замтай холбоотой хэргийг шалгаж байсан. Солонгосын талын гүйцэтгэгч компанийн захирал, болон А.Гансүх нартай хэргийг түдгэлзүүлсэн үү, эсвэл хаачихсан уу?
-Цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байсан хэрэг. Холбогдох зарим хүмүүс нь гадаадад гараад явчихсан. Тэдгээрийг олж зайлшгүй мэдүүлэг авах ёстой. Тэгэхээр энэ хэрэг хаагдаагүй.
2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна. Үүнд:
- -Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,
- -Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
- -Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
- -Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр,
- -НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
- -Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,
- -Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
- -Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
- -Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
- -Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,
- -Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
- -ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.
- -АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
- 2018 онд авлигатай холбоотой гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн тоо, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрүүгийн 12 хэрэгт ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгүүдийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцыг тухай бүр хэлэлцэн чиглэл өгч ажилласан гэв.