М.Энхболд: Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын даргыг томилох нь зөв

УИХ-ын дарга М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Сая УИХ-ын 39 гишүүн УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх, хуулийн дэгтэй. УИХ-ын даргын зүгээс яаралтай горимоор хэлэлцэх талаар УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдана. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Өнөөдрөөс хойш хуулийн дагуу гэж тооцвол ирэх мягмар гарагт чуулганы хуралдааныг яаралтай горимоор хэлэлцэх боломжтой гэдэг санал солилцлоо.

УИХ-ын Дэгийн тухай хуулийг хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэний дараа энэ хуулийг хэрэгжүүлэх боломжтой.  Төрийн мэдээлэл сэтгүүл нэгдүгээр сарын 28-ны өдөр хэвлэгдэх учраас УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төсөл хэвлэгдсэний дараа хэлэлцэх боломжтой юм. Тиймээс хуулийн дагуу хэлэлцээд явна. Нөгөө талаас УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй бөгөөд дөнгөж сая өргөн барьсан учраас Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-аар хэлэлцэх боломжгүй.

Миний хувьд албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр ажлаа өгөхөд бэлэн. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын даргыг томилох нь зөв байх. Тиймээс хамгийн боломжтой хугацаа бол ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдах боломжтой юм" гэв.