УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх хуулийн төслийг дөнгөж сая өргөн мэдүүллээ. Үүнтэй холбоотойггор дээрх таван гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэдний мэдээлснээр УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөхийг дэмжиж, 39 гишүүн гарын үсэг зуржээ. Тэднээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа гарын үсэг зурна гэсэн ч орон нутагт томилолттой яваа учраас албан бичгээр хүсэлтээ өгнө гэдгээ илэрхийлсэн аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын даргад энэ тогтоолын төслийг яаралтай дэгээр хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт өгсөн ч ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хойшлуулна гэсэн учраас бид чуулганы хуралдаанд горимын санал гаргана. Хэрэв дэмжихгүй бол бид чуулганы хуралдааныг бойкотолно" гэв.
Дашрамд мэдээлэхэд УИХ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санал болгосон УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор огцруулдаг байх хуулийн төслийг баталсан бөгөөд хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй юм.