АТГ-аас “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг өчигдөр цагдан хорьжээ. Ингэхдээ оффшор дансны хэрэгт холбогдуулан саатуулсан бололтой. Учир нь Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулж байсан. Оффшор бүсэд 4.3 сая ам. долларыг байршуулсан гэх дуулианд нэр холбогдож байв. Ч.Даваанямын хувьд АН 1996 онд ялсныхаа дараа Ж.Оюунгэрэл хамт шатахууны бизнес эрхэлж эхэлсэн байдаг. Дараа нь “Стар” телевиз, “Хийморь” кабелийн телевизийг үүсгэн байгуулсан. Мөн “Монгол контракт” компанийг удирдаж, "Петровис"-ын хувьцаа эзэмшдэг аж. Мөн "Петровис"-ын захирал Д.Энхчимэг түүний анхны эхнэрээс төрсөн том охин нь гэсэн мэдээлэл бий.
Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улсын ерөнхий прокурорын 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулах тухай” тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхлүүлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 24-ний өдөр оффшор бүсээс 49 хоногийн дотор мөнгөө оруулж ирэхийг уриалсны дагуу Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.долларыг Монголд оруулж ирсэн гэх мэдээлэл цацагдаж байв.