НИТХ өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Олон нийт ч энэ сонголтыг таатайгаар хүлээн авч "Ардын хүүхэд өөрийн бор зүрхээр гарч ирлээ" хэмээж байлаа. Гэвч өчигдөр НИТХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлсэн хэмээсэн ч ЗГХЭГ-ын дарга Г.Баясгалан энэ бичиг ирээгүй гэсэн тайлбар хэлжээ. Ингэхдээ Г.Баясгалан дарга "Бид НИТХ дээр ийм шийдвэр гарсныг мэдэж байгаа. Энд /ЗГХЭГ-т/ асуудал ирж, яригдах ёстой гэдгийг мэдэж байгаа учраас асууж сураглаж л байна. Яагаад албан бичиг ирэхгүй удаад байна гэдэг дээр хэлэхэд "Хуулиар хотын даргад нэр дэвшигч маань болзолууд хангасан байх ёстой. Төрд тэдэн жил ажилласан байх... татварт өргүй байх гэх мэт олон шалгуур байдаг. Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх дээр нотолгоо ирэх байх. Удаж байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой байж магадгүй л гэж харж байна" гэсэн тайлбарыг өгч. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан тэр бичгийг явуулсан. Надад явуулахгүй байх шалтгаан байхгүй гэдгээ өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн байгаа юм.
Уг нь Төрийн ордон хотын захиргаа хоёрын дунд нэг километр хүрэхгүй зай бий. Гэтэл энэ бичиг алга болж. Тэгэхээр тэдний хэн нь үнэн хэн нь худал яриад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нөгөө талаар хотын иргэд та нарын эрх мэдлийн төлөөх хийрхлийн золиос юм уу гэж асуухад хүргэж байгаа юм.
Юутай ч хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулуун сүүлийн хэдэн өдөр өөрийнх нь талаар өрнөөд буй сэдвээр байр сууриа илэрхийлсэн байсан. Ингэхдээ “Нийслэлийн Засаг даргаар сонгогдсоноос хойш өглөө босоод нэг шинэ нэр хоч зүүдэг боллоо. Өнөө өглөө маш их хүн надтай холбогдож яагаад батламжлахгүй болчхов гэлээ. Өчигдөр орой 18 цаг 30 минутад намайг Тамгын газарт байх үед батламжлуулах бичиг нь гараагүй байсан. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн тогтоол дээр он, сар, өдөр, дугаар нь бичигдээгүй байсан. Мөн уламжлагдах бичиг дээр гарын үсэг зурагдаагүй байсан учраас намайг батламжлахаас татгалзсан гэдэг шийдвэрт нь би итгэхгүй байна гэдгээ хэлсэн. Дөнгөж сая Г.Баясгалан дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг нь харлаа. Одоогийн байдлаар ЗГХЭГ-т батламжлуулах бичиг нь очоогүй юм байна. 16-нд гарсан тогтоолыг өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдад хүргүүлэхгүй байгаа нь Ерөнхий сайдын хуулиар олгогдсон эрхэд нь халдаж байна гэж үзэж байна. Мөн Ерөнхий сайдын шийдвэр гарсан мэт өмнөөс нь ташаа мэдээлэл гарсанд харамсч байна. Батламжлахгүй байх асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна. Миний хувьд хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан. Мөн НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналыг авч сонгогдсон учир Ерөнхий сайд батламжилна гэдэгт итгэж байна. Хэрэв батламжгүй бол хуульд заасны дагуу НИТХ-рүү буцаан хүргүүлнэ. НИТХ хуульд заасны дагуу хуралдаж нэрийг дахин хүргүүлнэ. Үүний дараа Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах үүрэгтэй гэсэн хуулийн заалт бий" гэсэн тайлбарыг өгч. Тэгэхээр мань хүн хотын даргын сонгуульд ялсанаасаа хойш багагүй дарамт шахалт дунд байгаа нь тодорхой боллоо.
Түүнчлэн С.Мөнхчулууныг сүүлийн үед хотын фракци, 60 тэрбумын угшлын хүн гэх болсон. Гэвч үнэндээ мань хүн Д.Сумъяабазартай тун ойрын хүн гэдэг нь түүний зургуудаас харагддаг. Товчхондоо тэрбээр М.Энхболд гэхээсээ илүүтэй Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ойр гэдэг нь тэр хоёрын очсон газар хамт авахуулсан зураг болгоноос харагдаад байгаа юм.