Д.Эрдэнэбат: АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн учраас УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Хурлын эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай бүлэг УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоолын төслүүдийг боловсруулж гарын үсэг зурах ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурлаа. УИХ-ын үйл ажиллагаа цааш үргэлжлэхэд хүндрэлтэй болсон. Тиймээс энэ Их хурал тарж хавар гэхэд ээлжит бус чуулган явуулах ёстой. УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25-наас дагаж мөрдөх шийдвэр гарсан. Гарын үсэг цуглуулах ажиллагааг урьдчилан хийж байна. Гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр гарын үсэг зурах байх. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй. УИХ-ын намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-иас доошгүй хоног хуралдах хуулийн заалттай. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад энэ асуудлаа нэг тийш болгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. АН-ын бүлгийн гишүүдийн сүүлийн гарын үсэг бол УИХ тарааж, ээлжит бус сонгууль явуулах бичиг. Бид өөр ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн гэх асуудал юу болсон талаар тодруулахад "Л.Болд гишүүн өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээр байгаа. Л.Болд гишүүн АН-ын квотоор нэр дэвшиж, жирийн гишүүдийн дэмжлэгтэй энэ их хуралд сонгогдсон. Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл үндсэн дүрэмд нийцээгүй. Тиймээс энэ сарын 17-нд  намын үндсэн дүрмийн дагуу анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан байна. Нам дүрмийнхээ дагуу шийдвэрээ гаргаад явна. Намаас Л.Болд гишүүнийг намаас хасах шийдвэр ирүүлбэл бүлэг хэлэлцэнэ" гэсэн юм.