НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр "Боловсрол" телевизээр орон даяар шууд цацагдсан. Энэ удаагийн тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм. Тэгвэл энэ удаагийн сугалаагаар супер азтан тодорсон бөгөөд Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн захирал Ц.Орхонтамирын хэлснээр 63030046 сугалааны дугаартай 225 сая төгрөгийн азтан нь нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан байгаа аж. Гэвч азтан өөрийгөө 225 сая төгрөг хожсон гэдгээ хараахан мэдээгүй байгаа бөгөөд хүсэлтээ баталгаажуулаагүй гэсэн мэдээллийг өгчээ. Түүнчлэн цахим орчинд супер сугалааны азтанаар татварын ажилтан тодорсон гэдэг нь ташаа мэдээлэл. НӨАТ-ын урамшууллын сугалааг орон даяар ил тод зохион байгуулж, 20 хэдэн сая баримт дотроос азтан тодорч байгаа учраас тийм байх ямар ч боломжгүй. Мөн хууль хяналтын байгууллагын олон төлөөлөгч хяналт тавьж ажиллаж байгаа. Техник технологийн хувьд ч ямар ч боломжгүй гэж байна.
Дашрамд мэдээлэхэд, 2018 оны сүүлийн хонжворын үндсэн сугалаанд 71079096 дугаар тодорч, 10 сая төгрөгийн гурван азтан, 5 сая төгрөгийн 26 азтан тодорчээ. Үүнд:
- 10 сая төгрөгийн 3
- 5 сая төгрөгийн 26
- 1 сая төгрөгийн 239
- 200 мянган төгрөгийн 2318
- 50 мянган төгрөгийн 22735 баримт тохирчээ. .