Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг өнөөдрөөс эхлэн Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хоригложээ. Ингэснээр дээрх гурван байгууллагын 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа аж.
Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хоёр ч удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсэн ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байгаа аж.