Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх агуулга бүхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр ТББХ-гоор хиийсэн. Улмаар энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх горимын саналыг гишүүд дэмжсэн юм.  

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан бланкин дээрээ УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн мэдээллийг зарим эх сурвалж хэллээ.  Тэрбээр өчигдрөөс гарын үсэг зуруулж эхэлсэн бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг бойкот зарласан 40 гишүүн гарын үсэг зурах бололтой. Ингэснээр дээрх гишүүд УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө УИХ-ын даргыг албан тушаалаас нь буулгана гэж байгаа бололтой.