УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хийж, олонхи дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийлгээр шилжүүлсэн юм. Тус байнгын хорооны хурал 78.9 ирц хувьтай эхэлсэн бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуусан.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Уг хуулийн төсөл маргааш чуулганаар орж батлагдах товтой байгаа. Хуулийн төсөл яг хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар мэдээлэл авмаар байна.
-ТББ-ын хорооны дарга Д.Лүндээжанцан:
-“Хуулийн төсөл батлагдснаар эцсийн найруулга сонсож ёсчлоод Ерөнхиийлөгчийн Тамгын газар руу явуулна. Ерөнхийлөгч ажлын тав хоногт хориг тавих эсэхээ шийднэ. Хуулийн хэрэгжих эцсийн хугацааг нэгдүгээр сарын 28 гэж үзэж байгаа. Гишүүдээс болон АБЗ-өөс гарсан зөвлөмжид цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад хугацаатай холбоотой саналын томъёолол ирүүлсэн. Нэгдүгээр сарын 24-нөөс дагаж мөрдөнө гэсэн саналыг ирүүлсэн. Хуулийг хүчин төгөлдөр хэрэгжүүлэх хугацааг гишүүд ярилцаад шийдэж болно. Хууль батлагдангуут хэрэгжих боломжгүй гэж С.Бямбацогт гишүүн хэлснээр өнөөдөр хассан.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Хуулийн хэрэгжих хугацааны үндсэн заалт болох гурван хоног гэвэл ирэх долоо хоногоос мөрдөгдөнө. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр уг нь 10-нд шийдэгдэх байсан ч хуулийн хугацааг сунгаад явж байгаа. Энэ долоо хоногт хуулиа батлаад ирэх долоо хоногт хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж үзэж байна. Ерөнхийлөгч заавал хориг тавих үгүй эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос асуумаар байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Ерөнхийлөгч өөрийн барьсан хуулийн төсөлдөө хориг тавьсан тохиолдол өмнө ч гарч байгаагүй. Мэдээж энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгч хориг тавихгүй. Хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг гишүүдтэй ярилцаад тогтоох боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль ярьж байгаа. Жагсаал хийсэн гишүүддээ хандаж хэлэхэд одоо тоо ярьж сүржигнэхээ больчих. Би ч гэсэн цагтаа 5,10 мянган хүн цуглуулаад 10 гаруй жагсаал хийгээд явж байлаа. Зарим сэтгэлээрээ, зарим нь зохион байгуулалттай ирдэг. Жагсаал хийсэн гишүүд өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны цаг дууссан байхад нэмэлт цаг аваад уучлаарай, баярлалаа л гэж байсан. Тэгтэл маргааш нь хэвлэлээр “Ж.Мөнхбат, М.Энхболд, хоёр уучлал гуйхгүй бол ирц бүрдүүлэхгүй гэсэн учраас уучлал гуйсан” гэж ярьсан. Ийм юм болоогүй шүү дээ. Энэ хуулийг батлуулахгүй гэж гүрийгээд суугаад байгаа юм байхгүй шүү дээ. Хэвлэл ашиглаж худлаа ярьдгаа болих хэрэгтэй. Ажлын цаг тарчихаад байхад ирц бүрдүүлээд хууль хэлэлцэж л байна шүү дээ. Л.Болд гишүүн Богд банкандаа мөнгө авсан эсэхийг нягтлаад худлаа бол уучлал гуйна гэж хэлсэн. Би нягталж үзэхэд үнэн юм байна лээ шүү. Надад гэрээ нь байгаа. Та 8 сая ам.долларыг гаргуулж авсан байна лээ. Арванхоёрдугаар сард хадгаламж татах эрх авсан юм билээ. Би маргааш баримтыг нь танд өгнө.
Ингээд гишүүдийн олонхиор УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн заалтын хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-наар тогтооё гэдэг томъёоллоор санал хураахад гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хорооны хуралдаан дууслаа.