Чуулган: Н.Номтойбаяр: ЖДҮ-чид бол үнэхээр дийлдэхгүй юм байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар ЖДҮХС-г шалгах, дүгнэлт гаргах УИХ-ын түр хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар УИХ-ын гишүүд санал хэлж, ЖДҮХС-тай холбоотой 22 гишүүний асуудлыг хөндсөн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Хэрэв гишүүд ирэх сонгуулиа бодоод бүрэн эрхээсээ түдгэлзвэл дэд хороо ямар үүрэг гүйцэтгэх вэ. Энэ үед УИХ тарах эрсдэл үүсч болзошгүй гэдгийг тооцоолсон уу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-ЖДҮХС-тай холбоотойгоор хуулийн дагуу шалгах хүсэлт гаргаж, дөрвөн гишүүнийг ерөнхий прокурорын байгууллагаас оруулж ирсэн. Тэгэхээр хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд санаатай саад хийж байна гэсэн үг. Түр хорооны үүрэг нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ сан болон бусад сангуудыг Сангийн сайд шалгаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, бусад сайд нар нь ЖДҮ-тэй холбогдож байгаа. Засгийн газар өөрсдийгөө шалгах боломжгүй гэж үзээд түр хороог байгуулж, санал дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ Засгийн газрыг унагахад цөөн тооны гишүүдийн гарын үсэг зурж байгаа, түүнд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх байсан гэсэн утгатай юм ярьсан. Яг үүнтэй адил түр хороо байгуулах асуудлаар УИХ-ын зарим гишүүд яриад яваад байгаа. Түүнийг хэлэлцэх юм болов уу гэж бодсон. Яагаад хэлэлцэгдэж болохгүй байгаа юм бол. Түүнээс сүүлд өргөн баригдсан, хууль хяналтын байгууллага нэг бүрчлэн шалгаж байгаа асуудлыг өнөөдөр ярьж байгаа нь ямар учиртай юм бэ. Би ЖДҮ-г хамгаалаад байсан юм байхгүй. Хуулийн байгууллага ном журмаар нь оруулж ирвэл номоор нь хандана. Дэд хороо энэ удаад ийм нөхцөл бүрдээгүй байна, цаана нь шалгаж дуусаагүй мөн олон гишүүдтэй холбоотой асуудал байна гэж шийдвэр гаргасныг байнгын хороо, чуулганаар хэлэлцээд баталсан. Дэд хороо хуралдах үед дөрвүүлэнг нь нэг нэг удаа байцаалт авсан байсан. Яллагдагчаар татахаасаа өмнө УИХ-д оруулж ирсэн. Яллагдагчаар татах тогтоол бие даасан баримт үйлдэж, ажиллагаагаа хийгээгүй өргөн барьсан байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-ЖДҮ-тэй холбоотой асуудлыг ерөнхий прокурор оруулж ирэхэд хэлж байсан. Засгийн газрыг огцруулах гэж байхад ЖДҮ-чид хамгаалсан. Та хэлсэн ярьснаасаа буцаж, хүндрэл учруулаад байна. Та улаан цайм хамгаалаад үлдсэн. Ц.Нямдорж сайд аа дөрвөн гишүүнийг яллагдагчаар татагдахад нэг нь гарын үсэг зурсан, гурав нь зураагүй байгаа юм. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэр биелэх боломжгүй болоод байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Хууль зүйн байнгын хорооны гишүүд С.Зориг агсны хэргийн талаар түр хороо байгуулах төсөл Л.Болд гишүүн оруулж ирсэн. Арваннэгдүгээр сарын 17-нд зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүлсэн. Нэгдүгээр сарын 8-аас хойш зарлагдсан ч ирц хүрэхгүй байсаар чуулганд оролцож ирээгүй. Байнгын хороо нь хэлэлцвэл чуулганаар хэлэлцэх боломжгүй. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор ажлын хэсгийн дүгнэлтийг миний өрөөнд лав өөрчлөх асуудал огт яригдаагүй. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхэд цаг орж байгаа учраас УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах байх. Сүүлийн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан хүн шүүх хурал дээр Ц.Нямдорж сайд очуулдаггүй байсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэгэхээр аль аль талдаа энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-УИХ-аас дэд хороо байгуулагддаг. Засгийн газрын үйл ажиллагаа, санхүүд хяналт тавьдаг Зарлагын хяналтын дэд хороог удирддаг З.Нарантуяа гишүүн хэд хэдэн удаа тусгай сан, зээл тусламжийн талаар ашиглалт, зарцуулалтад хяналт тавих зэрэг маш олон санал гаргаж байсан. ЖДҮХС-аас зээл авсан, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан түр хороог би дэмжиж байна. Гэхдээ энэ түр хороог Н.Номтойбаяраар ахлуулахгүй. Бонд нь ЖДҮ-гээ шалгахгүй. Харин З.Нарантуяа гишүүнээр ахлуулах ёстой. Та нарын хэрүүл эх захгүй цуварч, нэгнийгээ намнах байдлаар явах учраас сөрөг хүчин илүү шуурхай гаргана.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгах, судлах түр хороо байгуулах асуудал ногоон гэрлээр явдаг юм байна. Энэ түр хороог байгуулах асуудал арваннэгдүгээр сард эхэлсэн. Тухайн үед ЖДҮ ч гэсэн шуугиан тарьж байсан. Энэ хооронд нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Мөн УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ч орж ирсэн. Хуулийн байгууллага ажлаа хийгээд хуулийн дагуу асуудлаа шийдээд явж байгаа. Тэгэхээр түр хороо юу ярих вэ. АТГ, прокурорын байгууллага нь шалгаад оруулж ирэх эсэхээ шийдэх гэж байхад энэ түр хороо одоо юу хийх вэ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Түр хороо байгуулах тогтоолын төслийг байнгын хороон дээр ярих үед төрийн бүх тусгай сан, тэр дундаа ЖДҮХС-ийн зарцуулалтыг шалгахад Төсвийн зарлагын дэд хорооны даргын хувьд дэмжиж байгаа. Тиймээс ямар нэг улс төрийн агуулгагүйгээр Засгийн газарт хяналт тавьдаг УИХ-ын зарчмын үүднээс санал хэлмээр байна. Танай бүлэг хоорондоо хэрэлдээгүй үедээ тавьсан саналыг хүлээж авдаггүй. Гэтэл одоо хоорондоо муудалцахаараа бидний тавьсан саналыг ашигтай байдлаар гэж хүлээж аваад байгаа юм. Гаргаж байгаа дүгнэлт аль нэг тал руу хэвийчихгүй, өргөтгөсөн байдлаар байгуулаад, эрүүлээр сэтгэж чадах, шударга гишүүдээ оруулаад явбал ороод дэмжээд ажиллахад бэлэн байна.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Ж.Ганбаатар даргатай санал дүгнэлтээ оруулдаг ЖДҮ-ийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог, судалдаг, хаана энэ хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх боломж байна вэ гэдгийг судалдаг дэд хороо. Энэ түр хороо бол тухайлсан нэг асуудал дээр байгуулагдах хороо юм. Энэ нэг их ногоон гэрлээр яваад байгаа асуудал биш. Түр хороо байгуулсан тохиолдолд түр хорооны гишүүд өөрсдөө даргаа сонгодог.

Ингээд түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхи үзлээ.  Тиймээс УИХ-ын гишүүд дэмжээгүй учраас тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нийгмийн захиалгын дагуу түр хороо тодорхой зорилгын хүрээнд тодорхой асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах саналыг УИХ-д оруулж ирэх гэсэн ч дэмжигдсэнгүй. Энэ ЖДҮ-чид бол үнэхээр дийлдэхгүй юм байна. Би энэ түр хороог ахлахгүй, бүр ажлын хэсгээс ч хасч болно. УИХ бол төр нийгмийг холбох гүүр. Ажлаа хиймээр байна. Эрхэм ЖДҮ-чидээ, та бүхэн үнэхээр хүчтэй юм байна” гэсэн тайлбарыг өглөө.  Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ийм зохион байгуулалттай, зориулалтын бусаар ашигласан зүйлийг гэмт хэрэг гэж хэлэхгүй юм бол үүнийг юу гэх вэ. Монгол Улсын төсөв хуулийн дагуу зарцуулагддаг эсэхэд хяналт тавих үүргээ УИХ хадгалах хэрэгтэй байна. Бид дахин сөрөг хүчнээс түр хороог дахин оруулж ирнэ” гэлээ.