УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нотариатын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталсан. Үүний дараа чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гуравдугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандан хатуухан үг хэлсэн. Тодруулбал, түүнийг туйлбаргүй. Н.Энхбаяр даргыг хүчтэй байхад дагаад гуйж байсан ч урвасан. М.Энхболдыг ч мөн тэгэж байна. Одоо Ерөнхийлөгчийг дагаад гүйж байна хэмээн шүүмжилсэн. Харин үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Цэцийн дүгнэлттэй холбоотой саналыг дэмжиж байна. Сонгуулийн хуулиудаа яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Гурван хуулийг нэг болгож баталсан нь буруу гэдгийг би анх батлагдахад нь хэлж байсан. Энэ парламентын танхимд хов ярьдгаа болимоор байна. Сая О.Баасанхүү намайг УИХ-ын дарга болох гээд гуйгаад явж байна гэж хэлсэн. Ер нь тийм зүйл болоогүй. Ё.Баатарбилэг гэдэг хүн бас яриад л байсан. Энэ мэт худлаа яриагаа болих хэрэгтэй. Намайг битгий өөрсөдтэйгээ адилтга. Энэ өрөөн дотор ярьдаг ховоо өрөөндөө ярьцгаа. Би сонгуульд оролцдог, ард түмэн намайг сонгодог, сонгуульд ялсан намын дарга надаар сайд хийлгэе гэж гуйдаг нь үнэн. Би хийж байсан нь үнэн" гэсэн юм.
Ингээд гишүүд саналаа илэрхийлсний дараа санал хураа, гишүүдийнх олонх дэмжсэнээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлсан.