М.Энхболд: Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа иэрхийлсэн бөгөөд тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хувьсгалыг хуульгүйгээр хийдэг, хууль хэрэггүй. Ард түмэн Ерөнхийлөгчөө эхнэртэй нь очиж буудаад хувьсгал хийсэн хэмээн улмаар гадны орны жишээ хэлж танхимынхаа гишүүд төдийгүй жирийг иргэдийн гайхшруулсан. Харин үүний хариуд барагтай зүйлд дуугараад байдаггүй УИХ-ын дарга М.Энхболд хатуухан үг хэлсэн юм.

Тэрбээр “Бид хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Энэ бол Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Оюунцэцэг гэдэг эмэгтэй манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Миний улс төрийн үйл ажиллагаанд миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ. Намайг улс төрд байх энэ 20-иод жилийн хугацаанд миний эхнэр нэг ч удаа оролцож байгаагүй. Жилд нэг удаа шинэ жилээр л намайг дагаж хотын захиргаа руу ордог байсан байх.   Санаатай юм уу, санаандгүй юм уу мэдэхгүй. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Бас Ж.Батзанданд хандаад хоёр үг хэлье. Ж.Батзандан гишүүн хамгийн том, чанга дуугардаг ч шүдэнз зурахад зугатдаг хүн.  Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ёс зүйтэй байвал бүгдээрээ  ёс зүйтэй байх ёстой” гэв.