УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх байсан ч ирц хүрэхгүй 10:50 цагт эхэллээ. Хурлын эхэнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсан. Ингээд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулж, 74.5 хувь нь зөвшөөрсөн тул ийнхүү уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах эрхтэй бөгөөд тодорхой хуулийн заалт, хууль зөрчсөн эсэхийг тодорхой бичиж, гарын үсгээ зуран бичиг хүргүүлдэг. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулахад одоо ямар тайлбар бичих юм бэ. Уг нь онолд суурилж хууль батлагдах ёстой. Түүнээс санагдах байдлаар хууль батлаад байвал богино хугацааны үйлдэл. Чөлөөлөх, огцруулах нь хоёр өөр ойлголт шүү.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Би хувь хүнийхээ хувьд энэ асуудалд зөрчилтэй байгаа. Онол, ном ярих юм бол хэцүү л дээ. Огцруулж бол болно, ямар ч хүнийг огцруулна. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй болоод байна. УИХ-ын даргыг таван үндэслэлээр чөлөөлдөг байсныг зургаан үндэслэлтэй болгож, УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөхөөр оруулж ирсэн. Ер нь цаашид УИХ-ын даргыг аль нэг, бүлэгт үйлчлэхгүй шууд намаасаа татгалздаг, дархлаа сайтай байх чиглэл рүү явах нь зүйтэй юм. Үндэслэл нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжлэг хүлээхгүй тул чөлөөлөх санал оруулж байна гэж би ойлгож байгаа.
-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Д.Лүндээжанцан дарга сая хэлэхдээ нэг хүнд чиглээгүй, дархлаагаа бий болгосон хууль байх ёстой гэж хэлж байна. Бид дандаа энд 65-уулаа энд суухгүй, олуулаа суухгүй шүү. Олон намын оролцоо бий болж орж ирсэн нөхцөлд яах вэ. Ийм нөхцөлд энэ хууль ямар нэг үндэслэлээр УИХ-ын даргын асуудал хөндөгдөнө. Тэр үед бид яах вэ. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд УИХ-ын даргыг ойрхон, ойрхон огцруулаад байвал яах вэ. Тэгэхээр чөлөөлөх үндэслэлд ямар нэг тайлбар байх ёстой болов уу. Ийм сэтгэлийн хөөрлөөр УИХ-ын даргыг авч хаях үндэслэл бий болоод байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-УИХ-ын тухай хуульд дор дурдсан тохиолдолд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудал яригдана. УИХ-ын гишүүдийн олонх гарын үсэг зурж, чөлөөлөх хүсэлтийг оруулж өгөхөд үндэслэл нь хэлбэрийн хувьд зөрчилгүй. Харин та нарын хувьд яриад байгаа агуулгын хувьд яаж өөрчлөх вэ гэдэг асуудал асуултын тэмдэгтэй үлдэж байна. Ер нь цаашид УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой хуулиа өөрчлөх шаардлага байна. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн шаардлагатай байгаа юм. Парламентын засаглалтай орны хувьд төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага байна гэдгийг харж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Парламентын дархлаа гэдэг нь ганц хүнийх биш. Цаашид ардчиллын дархлаа, Монголын төр тогтвортой байх уу гэдэг асуудлыг л ярьж байгаа юм. 1990 оноос хойш 21 Ерөнхий сайдтай байсан бол гурван УИХ-ын дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Ер нь бол цаашид УИХ-ын даргын тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. Энэ хууль батлагдаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийг зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ, дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх вэ. Дараа нь буруу хууль баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Сүүлийн үед зарим хүний хэлээд байгаа зүйл арай л ёс зүйгүй зүйл рүү яваад байх шиг байна. Цуглааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын цуст тэмцэл, Ж.Батзандангийн хувьсгалын үед хууль хэрэггүй гэж хэлж байна. Энэ бол зохисгүй үйлдэл. Магадгүй энэ үгэн дээр чинь дөрөөлөөд зорилготой асуудал үүсгэвэл яах вэ. Тиймээс ярих хэлэх зүйл дээрээ анхаарах хэрэгтэй. Одоо бол МАНАН бүлэглэл унагаах тухай л яриад байгаа юм. Яг нарийндаа бол бид бүгдээрээ МАНАН бүлэглэлийн бүтээгдэхүүн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаачлан шинэ МАНАН үүсч байгаа юм биш үү. Одоо бид яриад, зөрчилдөөд байгаа зүйлээ эргүүлж нэг харж, үнэний дэнс нь хаана байна гэдгийг бодолцох цаг болжээ. МАНАН гэдэг юм нь арилгаад монголчуудын амьдрал сайхан болно гэж бодохгүй байна.
Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дэмжсэн юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан зарим гишүүд саналаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Аливаа асуудал, хуулийн өөрчлөлтийн асуудал нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчим дээр суурилж гарах ёстой байдаг. Бид хэд хоногийн өмнө Үндсэн хуулиа сахиж мөрдөж эхэлсний 27 жилийн ойг тэмдэглэсэн. Өнөөдрийн энэ хуулийн төсөл зөвхөн нөхцөл байдал гэдэг нэрийн дор эсвэл улс төрийн нөхцөлд тааруулж хуульд өөрчлөлт оруулж байгаа бол хууль дархлаагүй болох, хуульд захирагдах зарчим алга болж байна уу гэж харж байна. Нэг үйл явдал, нэг хүнд зориулж хууль батална гэдэг нь маш том алдаа болж байна. Монгол төр тогтвортой байх, Үндсэн хуулийн агуул, мөн чанарт нөлөөлөх асуудал хөндөгдөж байгаа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Өнөөдөр бид эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн хямрал дээр өөрчлөлт оруулахын тулд бодлогын асуудал ярих цаг болжээ. Монголын нийгэмд болохгүй байгаа завхралыг засахын төлөө, хэт их намчирхдаг, тэмцдэг асуудлыг зогсоохгүй бол цаашид хөгжил яриад нэмэргүй болсон.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Аливаа хууль үндэслэлтэй байх ёстой. Ийм үндэслэлээр нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн бол гэдэг байдлаар тусгах ёстой. Энэ бол цаанаа 65-ын бүлэг эрх мэдэл булаацалдаж байгаагийн илрэл. Эцсийн эцэст эрх мэдлийн төлөөх тулалдаан. Үүний цаана шударга ёс гээд байх зүйл байхгүй. Шударга ёсыг хуулиар үндэслэдэг юм. Одоо бид тэр МАНАН бүлэглэлийг нь ярих хэрэгтэй байна. Одоо үнэхээр хошин шогийн хуралдаанаа дуусгаад, хууль ярьж баймаар байх юм. Өнөөдөр оруулж ирсэн хууль чинь үндэслэлтэй баймаар байна.
УИХ-ын дарга М.Энхболд:
-Бид бол хууль эрх зүйт төртэй улс орон гэдгээ зарласан. Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь намайг, гэр бүлийн минь хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Манай гэр бүлийн хүний эсрэг жагсч, шаардлага хүргүүлсэн. Миний улс төрийн үйл ажиллагаанд оролцсон миний гэр бүлийн хүнийг оруулдаг нь яаж байгаа юм бэ. Миний эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэх. Үнэн хэрэгтээ тэр архины зөвшөөрлийг чинь Ц.Нямдоржийн эхнэр олгодог байсан. Ж.Батзандан гишүүн хамгийн том, чанга дуугардаг ч шүдэнз зурахад зугатдаг хүн. Өөрийнхөө намын даргын эсрэг зүйл хийгээд л явж байсан, манай намын байр шатахад оролцож л явсан хүн шүү дээ. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшинэ гээд явж байж магадгүй. Тиймээс манай залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ёс зүйтэй байвал бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой.
Ингээд УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдах юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.