Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болон төрсөн дүү Д.Баатар, хамсаатан болох Ч.Бямбаа нарыг нэг сар цагдан хорих шийдвэрийг Хан Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн долоо хоногт гаргасан. Гэвч Д.Дорлигжав болон түүний өмгөөлөгч нар нь эсэргүүцэж нэхэмжлэл гаргасныг /2019.01.16/ Хан-Уулын шүүхээр хэлэлцлээ. Улмаар өмнө гаргасан нэг сар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэргээр АТГ шалгаж байгаа. Харин Д.Дорлигжав саатуулагдахаасаа өмнө "Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан. Энэ нь санаатай ч үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Намайг Ерөнхий прокурор байхад Т.Ганболд Эрүүгийн маш ноцтой гэмт хэрэгт шалгагдаж байсан. Шалгагдаж байх хугацаандаа надтай холбоо тогтоохыг олон удаа оролдсон. Сайн дүү чинь больё гэсэн санал ч тавьж байсан. Хэргийг нь шалгаж байгаа хүнтэй би юу гэж холбоо тогтоох вэ дээ. Яг үнэндээ Т.Ганболд гэдэг энэ хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Гар ч барьж үзээгүй. Телевиз сониноос л харж байсан. Гэтэл намайг дарамталж байгаад мөнгө авсан гэж гүтгээд байдаг. Төрийн алба хашиж явсан хүнийг ингэж зоригтойгоор гүтгэж байгаа хүний ард өөгшүүлж байгаа хүмүүс байгаа байх. Хувийн өш хонзон байдаг байх. Луйварчин энэ улсууд төрийн арчаагүй байдлыг ашиглаж байна" хэмээн телевизийн ярилцлагад орох үеэрээ хэлж байсан юм.