Хотын даргын суудлын төлөө НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдсөн. Тэдний хэн нь Засаг дарга болох саналыг нууцаар хураасан бөгөөд тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Хуралд нийт 43 гишүүн оролцож улмаар санал хураалт явуулахад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун олонхийн санал авч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдлоо.
Сонгогдсоныхоо дараа тэрбээр байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ “НИТХ хуралдаад Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын 43 төлөөлөгч ирснээс 24 төлөөлөгч намайг нийслэлийн Засаг даргад дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болоод байна. Нийслэл гэдэг том айлыг удирдаж явах нийслэлчүүдийн ажил амьдралын цаашдын асуудлыг шийдэх учраас миний хувьд хамгийн эхэнд МАН-аас дэвшүүлсэн “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг 100 хувь биелүүлэхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа утаа, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй хот болох ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд нийслэлийн 45 төлөөлөгч есөн дүүрэг 33 агентлаг 28 төрийн өмчит газруудад хяналт тавьж ажиллана. Мөн миний хувьд өнөөдрийн бүрэлдэхүүнийг халж сэлгэхээсээ илүү чадавхжуулаад явах бодолтой байна. Ажлаа илүү хариуцлагатай хийх ёстой. Өнөөдөр надтай өрсөлдсөн НИТХ-ын дарга С.Амарсайхан шударгаар өрсөлдлөө. Цаашид С.Амарсайхан даргатайгаа хамтраад ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. НИТХ-ын 45 төлөөлөгч дунд туршлагатай олон хүн бий” гэсэн юм.
Хуульд зааснаар Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжлах ёстой. Хэрэв НИТХ-аас ирүүлсэн саналыг Ерөнхий сайд хүлээн авахгүй гэж үзэн, буцаах юм бол НИТХ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцээд, дахин санал хүргүүлэх ажээ. Харин энэ саналыг Ерөнхий сайд тав хоногийн дотор багтаан шийдэж хотын даргыг томилох ёстой аж.