У.Хүрэлсүх: Тавхан ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Н.Номтойбаяр гэж нөхөр

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Тэрээр дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана. Иймээс дор бүрнээ шударга, хариуцлагатай, идэвх зүтгэлтэй байж, ёс зүй, сахилга батыг эрхэмлэж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Мөн тэрбээр "Ард түмний байгалийн баялгийг хууль бусаар хувьдаа авч баяжсан, хууль дүрмийг уландаа гишгэсэн, үр хүүхдээ төрийн албанд шургуулсан, төрийн удирдах түвшинд гаргасан олигархи хүмүүс байгаа. Би нэг зүйлийг хатуу тодотгож хэлж байгаа. Уул уурхайн салбарт хууль бусаар баяжсан гэж хэлж байгаа. Энэ олигархиудтай бид тэмцэнэ. Монголын ард түмний хууль бусаар эзэмшиж байгаа, улсын өмч хөрөнгөөр хайгуул хийгдсэн лицензийг эзэмшдэг олигархиудтай хатуу тэмцэнэ. Тэр өмчийг ард түмэндээ буцаан авч, баялгийн сан байгуулна.  Монголын 3.2сая хүн идэх ёстой баялгийг тавхан ам бүлтэй айл авчихаад байгаа. Тавхан ам бүлтэй нэг айл 36 лиценз эзэмшиж байгаа. МАК гэж компани. Нямтайширын хүү Номтойбаяр гэж нөхөр УИХ-д сууж байна. Төрийн эрх мэдлийг эзэмшиж байгаа. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Цагаан Суварга гэхэд 15 тэрбум ам.долларын өртөгтэй орд. Ийм олигархиудтай тэмцэхээр өмнөөс янз бүрийн байдлаар тэмцэж байгаа. Байгалийн баялгыг хураалгачих вий гэхээс гол нь харлаж тэмцэж байгаа. Төр авах ёстой юмаа авна” гэлээ.