АТГ-аас УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр болжээ

АТГ-аас ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт УИХ-ын гишүүн болон сайд нарыг хамаатуулан шалгаж байгаа. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ дуусч байгаа бөгөөд АТГ-аас прокурорын байгууллагад УИХ-ын нэр бүхий 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналаа хүргүүлсэн гэж байна.   

Түүнчлэн УЕП-оос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэрээр зээл авсан. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан шалгаж байгаа. Улмаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хэмээн авч үлдсэн. Гэвч энэ нь УИХ-ын гишүүд д хуулийн байгууллагын үйл ажиллагаанд ихэд саад учруулж байгаа үйлдэл аж. Мөн АТГ-аас яллагдагчаар татах прокурорын тогтоолыг гишүүдэд танилцуулах гэсэн ч УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас бусад нь тогтоолтойгоо танилцахгүй зугтаж, АТГ-ын дуудсан цагт ирэхгүй байгаа аж.