Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:00 цагаас эхэлсэн. Шүүх хурлаар Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Д.Баатар нарыг прокурорын хүсэлтийн дагуу үргэлжлүүлэн нэг сар хорих эсэхийг шийдвэрлэх бөгөөд П.Дорлигжав ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцсон.
Тэгвэл Д.Дорлигжавын өмгөөлөгч нар шинээр нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн үндэслэлээр шүүх хурал хойшиллоо. Ингэснээр дараагийн шүүх хуралдаан энэ сарын 16-ны 11.00 цагт болох юм. Мөн шүүх хуралдаан хоёр хоногоор хойшилсон учраас Д.Дорлигжав нарыг суллахгүй, үргэлжлүүлэн хорих ажээ.
Дашрамд мэдээлэхэд Д.Дорлигжав нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутгагдан шалгуулж байгаа. Ингэхдээ дээрх мөнгийг дүү болох Д.Баатарын дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн. Харин Д.Дорлигжав "Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан" хэмээх тайлбарыг өгсөн бөгөөд өнөөдөр болсон шүүх хурлаар дахин шинэ баримт гаргаж ирэх нь тодорхой боллоо.
