Ч.Хүрэлбаатар: Сүүлийн найман жилд төсөв анх удаа ашигтай гарч 10 их наядыг давлаа

“Сүүлийн 8 жилд төсөв анх удаа ашигтай гарчээ. 2 их наяд төгрөгөөр төсвийн орлого давснаас 630 тэрбум төгрөг нь уул уурхайн орлого байсан бол 1 их наяд 370 тэрбум нь эдийн засгийн өсөлтөөс бий болсон орлого” хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. Тэрбээр мөн 2018 он төсөв тодотгож зардал нэмэлгүй Төр бүсээ чангалж чадсан он байсныг онцолсон бөгөөд түүнийг ярьсныг сийрүүлж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Төсвийн орлого түүхэндээ анх удаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсвийн санхүүжилт 2018 онд 92 хувьтай байсан. Тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. Энэ жил яагаад ийм ашигтай гарсан бэ гэвэл төсвийн орлого 2 их наядаар нэмэгдсэн. Үүнээс уул уурхайгаас давж орж ирсэн орлого 670 гаруй тэрбум төгрөг. Бусад салбараас 1.3 их төгрөг нэмэгдсэн. Төсөв ашигтай гарахад бас нэг нөлөөлсөн зүйл нь зээлжих зэрэглэл нэмэгдсэн явдал юм. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд зөв байна гэж үзсэн учраас зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Түүнчлэн Дараагийн нэг зүйл нь төсвийн сахилга бат. Учир нь сүүлийн 10 орчим жил төсөвт байнга тодотгол хийдэг байсан. Төсөв тодотгох юм чинь тэр зардлыг гаргая гээд өмнө нь сахилга батгүй явдаг байсан. Харин 2018 онд төсөвт тодотгол хийгээгүй. Төсөв тодотгохгүйгээр явж болдог гэдгийг харуулж, цаашид төсвийн орлогыг зөв тооцож эхэлсэн. Дээр нь гарах зардлаа маш зөв тавьж орж ирдэг болсон. Энэ нь эдийн засгийн алдаатай бодлогыг болиулсан гэсэн үг. Эдийн засгийн идэвхжил голлосон” гэлээ.

Мөн түүний ярьснаар 2018 онд НӨАТ-ын буцаан олголтод  600 гаруй мянган хүн хамрагдаж 78 тэрбум төгрөг авчээ. Энэ жил 808 мянган хүн 120 тэрбум төгрөр авахаар Сангийн яамнаас тооцсон бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгдсэн аж. Энэ нь эдийн засгийн идэвхжлийг нэмсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн худалдан авалт нэмэгдсэн гэсэн үг ажээ. Түүнчлэн тэрбээр 2018 онд Засгийн газар өндөр хүүтэй дотоод гадаадын бонд аваагүй. Үнэт цаас гаргаагүй учраас бид зээлийн төлбөрөөс 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээл аваагүй. 2019, 2020 онд өрийн томоохон төлөлт байхгүй. Хүүгийн төлбөрийг төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар төлөхөөр тусгасан. Манай улсын нийт өрийн хэмжээ 21 их наяд төгрөг, ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 60.9 хувь байгаа гэдгийг онцолсон юм.

Мөн хурлын үеэр ярьсан нэг ноцтой асуудал нь НӨАТ-ын буцаан олголтыг арилжааны хоёр банк олгох болсон гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл ийм хүсэлт өмнө нь Сангийн яаманд нэлээд их ирж байсан ажээ. Гэтэл энэ өөрөө хууль бус, хувь хүний нууцыг ил болгосон зүйл. Хувь хүний нууцыг хуулиар хамгаална гэж заасан байдаг атал татварын байгууллага арилжааны банкуудад давуу эрх олгож хууль зөрчсөн байна. Тиймээс татварын Татварын Ерөнхий газрын даргаг ажлаас нь чөлөөлөх саналыг удаа дараа хүргүүлсэн аж.

Түүнчлэн Сангийн яамнаас ам.долларын ханшийг урт болон дунд шатанд буулгах бодлогыг барьж ажиллаж байгаа ажээ. Тухайлбал,  гадаад өрийн дарамтыг оновчтой зөв буулгаж чадах юм бол дунд хугацаанд валютын ханшинд ирэх дарамтыг буулгана гэж үзэж, энэ чиглэлд ажиллаж байна гэсэн. Мөн экспортын орлогыг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам тууштай анхаарч ажиллана. Ийм ч учраас 2019 оны төсөвт ашигт малтмалын баялаг гаргадаг бүх боомтуудыг камержуулах , ухаалаг систем нэвтрүүлэхийг тусгасан.  Ингэснээр валютын ханшид эерэгээр нөлөөлнө гэдгийг хэлсэн бөгөөд энэ оны төсөвт долларын ханшийг 2560 төгрөгт барихаар тооцсон тухайгаа дуулгасан юм.