Нийслэлийн прокурорын газраас зарим олны анхаарал татсан, төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч сард шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлж байсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нараас гадна Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-ны 11:00 цагт болохоор товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгээс анхан шатны шүүх хурлын товыг гаргах юм.