МАН-ын бүлэг: Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг Элчин сайд болгохгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуваарийн дагуу МАН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Австрали , Тайланд, БНСУ-д суух Элчин сайд нарыг өнгөрсөн жил УИХ-д зөвшилцсөн. Н.Чимгүүндарь, Б.Хурц, Б.Тэнгэр нарыг томилох асуудал жил гаруйн хугацаанд саатаж байгаа. Үнд янз бүрийн шалтгаан бий. Тийм учраас Гадаад харилцааны  сайд дээрх гурван хүнийг буцаан татах шаардлагатай байна гэдэг саналыг тавьсны дагуу  бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ. Хоёр дахь хэлэлцсэн асуудал болох  УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар хуулийн төслийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар бүлгийн гишүүд  санал нэгдлээ" гэсэн юм. Мөн тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгөх нь тодорхой болсон. Түүний оронд хэн болох вэ гэсэн асуултад "УИХ-ын даргаар хэн томилогдох вэ гэдэг асуудал яригдаагүй байна. Хууль нь батлагдсаны дараа яригдана.  Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, уулзсан. Гэхдээ албан тушаал яриагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна" гэсэн юм.