Гахайнуудын засаглалын эрин үед Төрийн ордон хулгайчдаар, төрийн алба архичдаар дүүрдэг юм байна   

Орчин цагийн улс төрийн романы эцэг гэгддэг Жорж Оруэллийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь "Амьтны Ферм" улс төрийн элэглэл юм. 1945 онд бичигдэн, улмаар дэлхий дахиныг байлдан дагуулсан энэ ном гарсан даруйдаа зохиогчоо алдарт хүргэсэн суут бүтээл. Энэ бүтээлийг товчилбол, бүх амьтан эрх тэгш байх эрхтэй тухай гардаг юм. Гэтэл гэнэт гахайнуудын “хувьсгал” гарч, тэд илүү эрхтэй болцгооно. Амьдатад зориулсан хууль гахайнуудад л илүү үйлчилж, товчхондоо бол тэдний тогтоосон диктатур ноёрхдог.

 

Тэгвэл Монголын нийгэмд өнөөдөр яг ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Өөрдсийгөө засаглалын тэргүүн хэмээн итгэсэн хэд нь нь хуулийг дураараа өөрчилж, өшигчиж, тэдний гар хөл бологсод нь хуулийг уландаа гишгэж, өөрсдийгөө шударга эх орончид хэмээсэн мэгж, торойнууд нь энд тэнд тонгочиж эх орончийн дүрд тоглон ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглох болов. Бас тэд өөрсдийнхөө эрх мэдлийг зузаатгах дуусашгүй дайндаа ард түмнээ оролцуулж, талцуулан хэрэлдэх болов. Эндээс Монголын улс төр бохир заваан, худал хуурмагийн үүр уурхай болсон нь илт харагдах болов. Үүний нотолгоо нь ч хангалттай.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт улс төрд халуухан үйл явдал олон болж өнгөрлөө. Тэдний заримыг тоймолбол УИХ-ын чуулганаар ЖДҮХС-нд нэр холбогдсон дөрвөн нөхрийг гишүүний бүрэн эрхтэй нь авч үлдсэн явдал байлаа. Уг нь УЕП тэднийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээл авсан учраас гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай хэмээсэн юм. Гэвч хамгийн инээдтэй нь “Эд нар ЖДҮХС-гаас зээл авсан байна. Ард түмний мөнгийг авч болохгүй” хэмээн дэвхцээд байсан УИХ-ын зарим гишүүн тэднийг авч үлдэх кноп дарав. Бас “Бид эх орончид. Хулгайчидтай тэмцэнэ” хэмээж байсан УИХ-ын гишүүд ч ялгаагүй. Хулгайчдаа өмөөрөв. Ингэснээр О.Баасанхүү гишүүний хэлсэн “Хулгайчид шударга ёс гэж байдаггүй юм” гэх үгийг бататгаж өглөө.

Тэгвэл улс төр дэх дуулиан үүгээр дууссангүй ээ. УИХ-ын чуулганы танхимд бие биенээ элдвээр дуудсан бүлэглэлүүд мөн л хоорондоо муудалцсан. Ингэхдээ тэд бие биенээ элдвээр хэлж, ард түмэн ч түүнийг нь тийм юм байх гэж ойлгосон. Энэ тухай мэдээллийг сэтгүүлчид олон нийтэд  дамжуулсан. Харамсалтай нь, өөрсдийнх хэлдгээр худал мэдээлэл тараасан гэх тэдний зарим нь шөнө хагаслан хуралдсан Байнгын хорооны хурал дээрээ бие биенээсээ уучлалт гуйгаад л өнгөрөх жишээтэй. Товчхондоо бол эндээс эрх мэдэлтэй, мөнгөтэй нь бусдыг доромжилж болдог харин жирийн иргэд хэн нэгэн эрх ямбатны тухай ямар нэг зүйл хэлсэн бол, түүнийгээ нотолж чадахгүй бол Зөрчлийн хуулиар торгуулдаг болж таарав. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг нь төрийн авдарт гараа хийсэн хулгайч нарыг хамгаалдаг томоос том хамгаалалт гэдэг нь ч батлагдаж олон түмэн ч бухимдан байна.  

Гэтэл олны энэ бухимдал намжаагүй байтал бас нэг дуулиан олны анхаарал татлаа. Энэ нь төрийн албан хаагчидтай холбоотой юм. Үнэндээ сүүлийн үед төрийн алба гэдэг улс төрийн наймаа, ялсан намын санхүүгээ бататгах том боломж нь гэсэн яриа гарах болсон. Үүнийг дагаад төрийн албаны чанар муудаж, төрийн албан хаагчдын чадавхи суларсан гэх яриа ч гараад байгаа. Гэтэл энэ дараах баримтуудаар мөн л үнэн болж таарав. Тухайлбал, Монголын Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар” Төмөр замын дарга Д.Жигжиднямаа ЗТХ-ийн сайд Я.Содбаатарт хандан нэгэн албан бичиг цохжээ. Энэ нь Зам тээврийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Замын Үүд сум руу ажлаар явах үед нь “УБТЗ” ХНН-гээс хоёр тусгай воган гаргаж үйлчилсэн. Гэтэл ажлаар явсан гэх яамны албан хаагчид нь архи ууж хоорондоо маргалдаж улмаар галт тэрэгний зарим зүйлийг эвдэж хэмхэлснээр УБТЗ-д багагүй хэмжээний хохирол учруулжээ.  Мөн өнгөрсөн оны 12 дугаар сарын 29нд Замын-Үүд Улаанбаатарын чиглэлд явсан “Монголын төмөр зам” ТӨК-ийнхан мөн л архи ууж бие биенээ ална хэмээн сүрдүүлсэн. Шаардлага тавьсан ажилтныг айлгасан гэх мэт хууль бус асуудал гаргаж. Тэгэнхнээ өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн албан хаагчид мөн л архидан согтуурч улмаар нэгийгээ хүнд гэмтээсэн асуудал гарчээ. Төрийн албан хаагчид архидан согтуурсан, зохисгүй авир гаргасан гэх эдгээр баримт зөвхөн эхлэл бөгөөд үүнээс өмнө ЗТХЯ-нд хүний амийг хөнөөсөн гэх асуудал ч гарч байсан юм.

Уг нь Монголын ард түмэн төрийн сүлдээ дээдэлж, сүслэн залбридаг. Төрийн түшээдийг төртэй адилтган үзэж ТӨРИЙН ХҮН гэж хүндэлдэг байв. Төрийн албан хаагчдыг нам дагасан наймаагаар бус босго өндөр шалгуураар гарч ирсэн хэмээн итгэхийг хүсдэг учраас түүнийг дагасан хүндлэлийг ч мөн үзүүлдэг байсан юм. Харамсалтай нь, сүүлийн хэдэн нийгэмд өрнөсөн олны анхаарлыг татсан энэ мэт үйл явдлын өрнөлөөс харвал үгүй юм байна. УИХ-ын гишүүдэд итгэж, төрийн албан хаагчдаас шударга үнэнийг хүлээх хэрэггүй юм байна. УИХ-ын гишүүүд ч тэр, төрийн албан хаагчид ч тэр тэд бол ердөө л сонгуулийн циклийн утсан хүүхэлдэйнүүд юм байна. Өнөөдөр бид “гахайнуудын засаглалын эрин үед Төрийн ордон хулгайчдаар, төрийн алба архичдаар дүүрсэн эрх зүйт нийгэмд амьдарч байгаа юм байна”. 

Л.Оюунгэрэл