УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын хороон өчигдөр орой хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг  анхны хэлэлцүүлгийг хийсэн. Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Хуулийн төслийг ирэх пүрэв гарагт чуулганы хуралдаанаар оруулан эхний хэлэлцүүлгийг хийж, үдийн завсарлагаагаар ТББХ хороо хуралдаж, Баасан гаригийн чуулганы хуралдаанаар оруулна”гэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Энэхүү хуулийн төсөлд, УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-д албан ёсоор тавивал, нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.

“Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно.  Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.