Хоёр сар гаруйн хугацаанд эзгүй байсан ХХААХҮЯ сайдтай боллоо. Өчигөр хуралдсан УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг сайд болох асуудлыг хэлэлцэж улмаар олонхийн санал авснаар тус салбарыг толгойлохоор болж байгаа юм.
Өчигдөр цаг аажуу болтол хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үеэр нэлээд ширүүн уур амьсгалтай байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат намынхаа ах нарыг шүүмжилсэн. Ингэхдээ тэрбээр "Манай намын ах нар сайдын сураг гарахаар л гүйлдчихдэг шүү. Дуудаад энэ бол миний сүүлийн шаанс гээд зүтгэцгээдэг. Намынхан нь ч өрөвдөөд сайд болгодог. Гэтэл сарын дараа нь танихаа больчихдог. Гишүүнээ танихгүй болох ч яах вэ гэж буй юм. Ах нар нь намын ноён нуруу, эв нэгдэл гэдгээ мартчихдаг. Тэгсэн атлаа өөр суудал гарахаар өмнөхөө голоод дахиад л гүйдэг шүү" хэмээсэн.
Үнэндээ Ч.Улааны хувьд төрийн өндөр албанд хамгийн олон томилогдсон гишүүнээр нэрлэгдээд буй. Учир нь тэрбээр зургаа дахь удаагаа сайдад нэр дэвшээд байгаа. Иймээс ч залуустаа боломж олгоод татгалзчихсан бол гэх асуудлыг хөндөж байсан. Харин гишүүний энэ үгэнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан эгдүүцэж буйгаа нуугаагүй. Тэрбээр “Аавдаа адуу манахыг заав гэгч л болж байна. Цаг үе ч өөр болж дээ, одоо тэгээд дүү нарынхаа үгийг сонсох л болж байна. Би Ч.Улаан гишүүнийг эртнээс мэднэ. Надаас гурав ах, онц сурдаг ах байлаа” гэж хэлсэнд гишүүд нирхийтэл инээсэн. Улмаар Ж.Мөнхбат гишүүн “Лүндээ гишүүний ахдаа сайдынх нь ажилд амжилт хүсье” гэсэн юм. Ингэснээр Ч.Улаан зургаа дахь удаагаа сайдын алба хашиж эхэллээ.