УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Тодруулбал, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бус ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирснийг хэлэлцсэн юм. Улмаар дөнгөж сая дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ-ын гишүүдийн олонхи нь үзлээ.
Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УЕП М.Энх-Амгалан ЖДҮХС-тай холбоотой ноцтой мэдээллүүдийг хийж байсныг товчлон хүргэвэл:
Тэрбээр "Бидэнд шалгах том хэргүүд хүлээгдэж байна. Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын ярьдаг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын асуудал гээд асар олон шалгалтын асуудал тэнд явагдаж байна. Гэтэл тэнд чинь шалгадаг хүн үнэхээр хүрэлцэхгүй байна. Нийтдээ 34, 35 хүн бүх бичиг баримтыг шалгаж байна ш дээ. Үнэхээр хүн хүч хүрэхгүй байгаа. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа ядаж хэдэн орон тоо шийдээд өгөхөд Монголын Улсын төсөвт дарамт учруулахгүй байх гэж бодож байгаа. Тиймээс дараа нь энд чиглэл Тогтоолыг төслийг оруулж ирнэ.
ЖДҮХС-гийн зээлд холбогдсон нь хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь булаачиж байгаа асуудал шүү дээ. Энэ асуудал цаашдаа ингэж явж болохгүй гэдэгт би хатуу зогсч байгаа. Энэ том танхимд байгаа 76 гишүүн дотроос хэд нь ч орж ирэхийг мэдэхгүй байна. Гэхдээ энэ дотроос нэлээдгүй олон хүн байцаагдсан. Зарим нь асуудалгүй, холбогдолгүй гээд учраа ярьсан гэж сонсогдсон. Зарим нь байцаалтынхаа дараа ална, хядна, “Чи их хурлын гишүүнийг байцаадаг хэн бэ” гэж утсаар байцаагчийг дарамталсан асуудал гарсан байна лээ. Би дараагийн удаа тодорхой гишүүдийг оруулж ирэхдээ илүү тодорхой асуудлыг ярина.
Гишүүдийн хэн нэгэн сонгогчийнхоо хүсэлтийг уламжилсан асуудлыг хамааруулаагүй. Харин эрх мэдлээ ашиглан өөрөө болон хамаарал бүхий этгээддээ зээл авч өгсөн асуудлыг ярьж, хэрэг үүсгэж байгаа юм. 1041 төсөл ирүүлснээс 134 төсөлд зээл өгсөн байна. Гэхдээ зээл өгсөн төсөлд дээр сонгон шалгаруулалт зарлаагүй, материал бүрдүүлэлт дутуу, зорилтот бүлэгтээ хүрээгүй байна. Шаардлага хангаагүй төслүүдэд өгсөн. Мөн мафи байна уу, байхгүй юу гэдгийг би мэдэхгүй. Харин улсын мөнгө, төсвийн мөнгийг завшдаг хэсэг бүлэглэл бий шүү. Одоо үүнийг чинь зүгээр хараад суухгүй. Би энэ бүхэнтээ цаашдаа би хатуу тэмцэнэ гэдгээ харин хэлье, та бүхэн дэмжиж ажиллаарай" хэмээсэн юм.