УИХ-ын чуулганы хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж буй. Тодруулбал, УЕП-оос Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирүүлснийг дөнгөж сая хэлэлцэж дууслаа. Улмаар нууц санал хураалт явуулж 67.2 хувь нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хурлын үеэр гишүүд асуулт асууж хариулсан.
Тухайлбал, О.Баасанхүү гишүүн "Хүн алахад хутга багаддаггүй, хахуул өгөхөд хөрөнгө жижигддэггүй. Том, бага гэж хэргийг ялгах шаардлагагүй. Хэрэг бол хэрэг. Ардын засаг бол ЖДҮ-чин засаг. Ардын нам бол ЖДҮ-чин нам. Хүн чанар гаргаад бие биеэ аваад үлдэж болно. Гэхдээ хүмүүжилгүй байна. Би шалгаад өгье, улс орныхоо хохирлыг барагдуулаад өгье гээд хуулийнхан асуудал ороод ирлээ. МАНАН-г зүхэж суухаар нэг ширхэг лаа асаа. Тиймээс шударгаар шалгуул. Энэ хүмүүсээ шалгуулаад гэм буруугүй гэдгээ тодруулаад ирэг. Намынхаа хэрүүлийг төрийн хэрүүл болгоод байх хэрэггүй. Маш энгийн асуудал байна ш тээ. Зээл авсан уу авсан, мөнгө угаасан уу угаасан. Үр, хүүхэд хань ижилдээ авч өгсөн үү, өгсөн. Гэм буруутай юу гэж энэ хүмүүсээс асуух ч шаардлагагүй. Одоо бол УИХ-ын гишүүн гэх бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгуулах асуудлыг яриад байгаа юм гэсэн. Мөн Д.Оюунхорол гишүүн "ЖДҮХС-гийн асуудлыг нарийн шалгах ёстой юм байна. ЖДҮХС-ийн зориулалтыг өөрчлөх ёстой юм байна. ЖДҮХС-гийн зээл жинхэнэ эзэндээ яг хүрвэл ашигтай зээл ээ. Прокурорын байгууллагыг ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна. Харин ч том, том хэргүүдийг тодорхой байдлаар авч хэлэлцэж байгааг сонслоо" гэсэн юм.
Дашрамд мэдээлэхэд УЕПГ-аас УИХ-ын гишүүн Л.Энхболдыг
“УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор "Х" тайлантай байсан авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах "Дэлгэр говь" төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулснаар, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлэх санал оруулаад байсан юм.