УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж эхэллээ. Хурлаар Прокурорын байгууллагаас УИХ-д оруулж ирсэн нэр бүхий гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны эхэнд Б.Ундрамаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд шаардлагагүй гэж үзлээ.
Дашрамд мэдээлэхэд УЕП-оос Б.Ундармаа гишүүнийг дараах үндэслэлээр буруутгаж байгаа. Үүнд.
Монгол Улсын Их Хурлын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ны өдөр А/131 дугаартай тушаалаар “Доктор МЭИК” компанид 800 сая төгрөгийн санхүүжилт олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэгт АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын Газраас хяналт тавих ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.