Төрийн байгуулалтын байнгын хороо шөнө дол болтол хуралдаж УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцлээ. Хуралдаанд 19 гишүүн оролцохоос 14 гишүүн оролцож бөгөөд дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Хуралдааны мэдээллийг тоймлон хүргэж байна.
М.Энх-Амгалан: Хууль хяналтын байгууллага хэний ч хараат бусаар үйл ажиллагаа явуулж байгаа
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АТГ нэг удаа дуудаж, байцаасан гэж байна. 10 удаа дуудагдах ёстой юу. Сүүлийн үед маш олон гишүүдээс шударга бусын хонгилоор орлоо гэж ярих боллоо. Ерөнхий прокурорын зүгээс энэ асуултад хариулт өгнө үү. Зарим гишүүдийн зүгээс бүрэн эрхээсээ түдгэлзэхийг хүссэн ч шударга бусын хонгил бий болох гээд байна гэх мэтээр яриад байна. Үүнд тайлбар өгнө үү. Хэвлэлээр ЖДҮ-тэй холбоотой маш олон гишүүд холбогдож байгаа гэх яриа байгаа ч яагаад дөрвөн гишүүнийг оруулж ирж байгаа юм бэ. Олон нийтэд үнэн мэдээлэл өгнө үү. Ц.Нямдорж та мафийн толгойлогч байгаа гэж яриад байна. Түүнийгээ одоо зарлана уу. Хууль тэгш үйлчлэх ёстой. УИХ-ын дарга, Хууль зүйн сайд байна уу хамаагүй, тэгш үйлчлэх ёстой.
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шударга бусын хонгил гэдгийг өөрийнхөө үйлдэлд эрүүгийн хэрэгт шалгагдсан хүмүүсийн яриа байх гэж би бодож байна. Миний ажиллаж байсан түүх бол хуулийн байгууллагад насаараа ажиллаж, толгойлж явсан. Би өөрийнхөө амьдралын түүхээс үзэхээр хуулийн байгууллага хэн нэгнийг шударга бусын хонгилоор чирээд явж байсныг би мэдэхгүй. Ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө тайлбарлах байх. Энэ дөрвөн гишүүний хувьд эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдах нөхцөл байдал үүссэн гэж түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байгаа. Цаашид ээлж, дараатайгаар оруулж ирнэ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Би Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлттэй холбоотой асуултад хариулт өгнө. Хэн нэгэнтэй хэрүүл хийх сонирхол алга. Хаалттай хуралдаанаар дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцсэн. Мөрдөн байцаалтын ажилд саад болж магадгүй гэсэн утгатай бичиг прокуророос оруулж ирсэн. Тэгээд гишүүдээс дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгсөн үү гэдгийг нь асуухад өгсөн гэсэн. Хууль мэддэг, мэддэггүйн тухай яриад байна л даа. Би энэ хуулийг чамаас хамаагүй илүү гадарлана шүү, О.Баасанхүү. Олон гишүүдийн нэр дуулдаж, шалгалт төгсгөлийн шатандаа яваа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Шалгалт эцэслэгдэж дууссаны дараа нэг мөсөн оруулж ирээч гэж байгаа юм. Зээл авсан гэдгээ мэдэгдсэн гишүүд нэг бус байгаа. Тийм гишүүдийн асуудал орж ирээгүй.
УИХ-ын дарга М.Энхболд: Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дунд УИХ-ын даргын хувьд нэр заагдсан гишүүдтэй тус тусад нь уулзсан. Г.Солтан гишүүнтэй уулзаж чадаагүй. Энэ гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, түдгэлзүүлэх асуудлыг захиалгаар хууль хяналтын байгууллага оруулж ирж байгаа, хууль хяналтын бүх байгууллагыг толгойлж, удирдаж байгаа хүн нь М.Энхболд гэсэн яриа ил, далд хэлбэрээр их явагдаж байна. Надад ямар нэг хуулийн байгууллагыг хянадаг, нөлөөлдөг асуудал байхгүй. Танд УИХ-ын гишүүд, даргын зүгээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн зүйл бий юу. Танд ямар нэг нөлөөлөл байгаа юу. Энэ асуудалд зөв зүйтэй тайлбар өгнө үү.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Хууль хяналтын байгууллага хэний ч хараат бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний баталгаа нь би өөрөө. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй хэдхэн асуудлаар хуулийн хүрээнд харилцдаг, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Би М.Энхболд гэдэг хүнээс заавар, даалгавар авах хүн биш. Улс төрийн зорилгоор хууль, хяналтын байгууллагын ажлыг үнэгүйдүүлэх нөхцөл байдлаа болиоч.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Ундармааг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууцаар санал хураалаа. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 86,7 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Л.Энхболд: Би зээл авч бас төлөөгүй.
Дараа нь Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцсэн. .
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Та зээлээ аваад зээл төлсөн юм уу. Үндэслэл дээр чинь тэгэж дурдагдсан байна
УИХ-ын гишүүн Л.Энхболд: Би зээл авч бас төлөөгүй.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймгийн 45 ААН нийлээд 850 ая төгрөгийн зээл хүссэн. Тэд зээлээ авсан бол 200 гаруй ажлын байр шинээр үүсэх байсан. Одоо олон сонгогдсон гишүүд шударга ёс яриад л байдаг. Гэтэл энэ гишүүдээ өмгөөлөөд байх юм. Энэ яг гэмт хэрэг мөн юм уу.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан. Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм Яах аргагүй гэмт хэрэг. Тийм учраас л оруулж ирсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Л.Энхболд гишүүнд хамаарах асуудлаар Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулж гишүүдийн 73.3 хувь нь түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй.
О.Баасанхүү: “Би нэг тойргоос сонгогдсоны хувьд Д.Дамба-Очирыг өмөөрч байна
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Би нэг тойргоос сонгогдсоны хувьд Д.Дамба-Очирыг өмөөрч байна. Энэ хүнд том хөрөнгө байхгүй. Дэмжих том сайд байхгүй. Шударгаар явж байгаа хүн. Яагаад энэ хүнийг онцгойлон харж үзээд байгаа юм бэ. Даруухан, шударга, байнгын хорооны даргыг маань чирээд яваад явах нь. Би тойрогтоо очоод юу ярих юм бэ. Хэвлэлээр гарсан мэдээлэлтэй байна. Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн хамаг орон байриа барьцаалаад зээл авахад тусалсан байсан. Энэ бол ноцтой асуудал. Мөн Ж.Энхбаяр гишүүн байна" гэсэн юм.
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: “Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэх бололцоотой гэж оруулж ирсэн. Түүнээс онцгойлон оруулж ирсэн зүйл байхгүй. Таны хэлээд байгаа хүүсийг ч мөн шалгаж байгаа. Шаардлагатай бол оруулж ирнэ. Д.Дамба-Очир гишүүний хамаарал бүхий этгээд барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан нь ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирсэн.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Г.Солтан гишүүн таныг ЖДҮХС-гаас зээл авсан гээд байхад яагаад уучлалт гуйхгүй байгаа юм. Та уучлалт гуйх ёстой. Таниас болоод энэ хүмүүс хоёр өдөр оройтож байна гэсэн юм.
Ингээд санал асуулт явуулахад санал асуултад оролцсон 14 гишүүнээс 10 нь буюу 71.4 хувийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Одоо үргэлжлүүлэн УИХ-ын чуулган хуралдаж УИХ ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.