УИХ-ын Тамгын газраас Г.Солтан гишүүнийг маргааш өглөө гэхэд ирсэн байхыг мэдэгджээ

Төрийн байгуулалт болон Хуульзүйн байнгын хороо өнөөдөр хуралдахаар төлөвлөсөн байсан ч дэд хорооны хуралдааны шийдвэр гараагүй учраас маргааш болтол хойшиллоо. УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг тухайн гишүүнийг үзгүй үед хэлэлцэж болохгүй бөгөөд УИХ энэ асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх учиртай. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Солтаныг маргааш өглөө гэхэд ирсэн байхыг УИХ-ын Тамгын газраас мэдэгдсэн байна. Ингэснээр Халдашгүй байдлын дэд хороо маргааш дахин хуралдахаар боллоо. 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Гишүүнээс өөрөөс нь тайлбар авах зайлшгүй шаардлага байгаа. Өөрийг нь байхгүйд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй. Г.Солтан Баян-Өлгий аймагт яваа. Иймээс ирэхээр нь тайлбар авахаар болж хуралдааныг маргааш болтол хойшлуулсан" гэсэн юм.