УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг чөлөөлөх санал гаргасан тохиолдолд хэлэлцэх тухай заалт орж дэмжсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "УИХ-ын дархлааг сулруулахын оронд энэ УИХ тарах нь зөв. Үүнийг би хоёр сарын өмнөөс ярьж эхэлсэн. Ардчилсан нам УИХ-ыг тараах санаачилга гаргаж, түүнийг нь Ж.Батзандан гишүүн дэмжиж байгаа юм байна. Та бүхэн миний албан бланк дээр гарын үсгээ зураарай. УИХ-ын дарга хэн байх нь хамаагүй, түүнийг огцруулдаг жишиг тогтох эрсдэлтэй шүү. Гэхдээ олонх нь хүсч байгаа учраас энэ хууль өнөөдөр батлагдах байх. Ядаж УИХ-ын даргыг гуравны хоёрын саналаар унагадаг заалт оруулаад батлаарай" гэсэн юм.
