Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж дууслаа. Хурлаар Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ингэснээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Төрийн байнгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон 14 гишүүний 100 хувийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр УИХ-ын даргыг гишүүдийн олонхиороо огцруулдаг зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлцэхээр болж байна.
Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Сүүлийн үед ганцхан над руу дайрдаг улс төр хэрээс хэтэрсэн. Гэхдээ би аливаа төрт ажил хууль ёсны дагуу явна гэдэгт итгэж байгаа. УИХ-ын 40 гаруй гишүүн надаар чуулганыг удирдуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Би Төрийн байгуулалтын байнгын хороонд хүсэлтийг шилжүүлсэн ч хуулийн хүрээнд хүлээн авах боломжгүй гэсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төслүүд орж ирлээ гэж би хувьдаа харж байгаа. Намайг хотын дарга байх үедээ газар ихээр зарсан гэдэг. Би олон арван хүнд бүтээн байгуулалт хийх газрыг нь өгч байсан. Одоо жагсаад явж байгаа Л.Болд гишүүнд би “Бодь” цамхагийн байр баригдсан газрыг нь өгч байсан. Л.Болд гишүүн худалдаж авсан юм уу. Энэ мэт яриад байвал асуудлууд бий. Би Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаа" гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Би Ж.Мөнхбат гишүүний эхлүүлсэн УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурлаа" гэсэн бол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Би энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. МАН одоо дотооддоо асуудлаа шийд л дээ. Парламент руу орж ирээд, асуудлаа нялзаагаад байх юм. Энэ асуудал дээр найзархах хэрэггүй. Бүх болохгүй асуудлаа ард түмэн рүү шидээд байдгаа болих хэрэгтэй. УИХ тарах нь зүйтэй. Олон нийт ч хүсч байна гэжээ.