УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир сандарчээ. Сандрахдаа тэрбээр “Миний ойлгосноор УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо иргэдийг ЖДҮХС-гаас зээл олгохыг дэмжсэн бичиг хийж өгсөн. Миний хувьд ч гэсэн ялгаагүй тойргийнхоо нэг компанид ЖДҮХС-гаас зээл олгохыг дэмжсэн бичиг хийж өгч байсан. 30 гаруй гишүүнийг АТГ-аас дуудаж байцаасан. Гэтэл тэр дундаас яагаад намайг онцолж, Прокуророос гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэнд гайхаж байна” хэмээлээ. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүд ЖДҮХС-тай нэр холбогдсоныг баталж бас 30 гаруй гишүүн АТГ-т дуудагдаж байцаагдсаныг ч нотлов. Нөгөө талаар энэ үгээрээ тэрбээр ЖДҮХС-гаас зээл авсан 30 гаруй гишүүн дотор өөрөөс нь ч илүү но-той хүмүүс байсаар атал намайг яагаад сонгох болов хэмээн гайхаж буйгаа нуусангүй. Бас мань эрхмийн сандралт бухимдлаар солигдож тэсэрвэл яах бол гэдэг нь ч олны анхаарлын төвд орж ирлээ.
Үнэндээ түүний хэлсэнчлэн прокурорын байгууллагаас УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хөндөнө гэхтэй зэрэгцэн мань хүнээс ч илүү НО-той байж мэдэх хэд хэдэн хүний нэр анхаарал татсан. Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай сэтгүүлчидтэй уулзахдаа “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх гурван гишүүн байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Билэгт “Энэ хүмүүсийн тоонд Зам, тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар, “Газар партнер” ББСБ-тай Ж.Энхбаяр нар байгаа” хэмээж байлаа. Гэтэл энэ удаад тэдний нэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийн нэрнээс арчигдаж, харин оронд нь Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа болон Л.Энхболд нарын нэр орж ирсэн нь яах аргагүй олныг гайхшруулсан хэрэг. Нөгөөтэйгүүр улс төрд өрнөсөн эл үйл явдлаас Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны андууд учир энэ удаагийн асуудлаас бултаж харин тэдний оронд “жижиг гар”-уудаараа туг тахьсан болоод өнгөрөх нь дээ гэсэн хардлагыг улам ч баталгаажуулах шиг боллоо.
Юутай ч өнөөдөр хуралдахаар товлогдсон УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор дээрх ЖДҮҮЧИН гишүүдийн хувь заяа тодорхойлно. Учир нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдана. Асуудлыг шийднэ” хэмээсэн. Тэгэхээр дээрх ЖДҮҮЧИН гишүүд өнөөдөр хариуцлагаа хүлээж мэдэх юм.
Нөгөө талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮҮЧИН нөхөддөө үнэхээр хариуцлага тооцож чадах уу гэдэг нь анхаарал татаж буй. Учир нь тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр Я.Содбаатар анд руугаа харж байгаад “Хууль бус юм хийж байж гогдуулав аа!” гэж анхааруулж хэлсэн тухай Төрийн ордноор нэг яриа болсон. Мөн түүнийг ажлаас нь чөлөөллөө гэсэн ч тэрбээр өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байгаа. Иймээс л хууль бус үйлдэлтэй хэзээ ч эвлэрэхгүй хэмээн журмын нөхөд болон олон нийтэд тангараг өргөж байсан У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрч чадах нь уу гэдгийг харахаас аргагүй болж байна. Магадгүй тэрбээр хэлсэн үгэндээ хүрэлгүй ЖДҮҮЧИН нөхдөө аваад үлдвэл ард түмэндээ ҮНЭХЭЭР МУУХАЙ харагдана. Үүнийгээ ч тэрбээр их сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл өнөөдөр гар утас хулгайлсан жирийн иргэн шоронд тарчилж байхад улсаас бүлэглэн өч төчнөөн тэрбум төгрөг завшсан нь Төрийн ордонд тухалж суугаа юм чинь.
- УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн 100 хувийн эзэмшлийн "Доктор МЭИК" ХХК-д ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл,
- УИХ-ын гишүүн Г.Солтан мөн өөрийн үүсгэн байгуулсан “Монгол шаазан” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл,
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн,
- УИХ-ын гишүүн Л.Энхболд төрсөн охин Э.Мандухайн нэр дээр байгуулсан “Мийт экспорт интернэйшнэл” ХХК-д ЖДҮХС-аас 1,3 тэрбумын зээл тус тус авсан юм.