Төрийн албан хаагчдын цалинг энэ сараас, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх хоёрдугаар сараас нэмнэ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг энэ сараас, тэтгэвэр, тэтгэмжийг ирэх хоёрдугаар сараас нэмэх шийдвэрт хүрсэн тухай мэдээллээ. 

Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд нийт 267 тэрбум төгрөг,  тэтгэвэр нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгасан юм байна. Мөн Халамжийн сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээг амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлэх зарчим баримталж, нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ.

Төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ачаалал, хариуцлага, ур чадвараас хамаарч нэмэх учир ажлын байрны нөхцөлд үнэлгээ хийж байна. Энэ үнэлгээ судалгаанд үндэслэн албан тушаалын зэрэг дэвийг дахин тогтоож төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Үндэсний хорооны хуралдаанаас гарсан саналыг Засгийн газарт оруулна. Чухамхүү хэнийх нь цалин хэдэн хувиар нэмэх вэ гэдэг шийдлийг Засгийн газрын хуралдаанаар шийдэж олон нийтэд мэдээлнэ гэсэн юм.