Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очирын нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын даргад Г.Солтан Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очирын нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах хүсэлтийг Прокурорын газраас өчигдөр ирүүлсэн. Учир нь прокуророос тэдний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг тавих болсон үндэслэл нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх асуудалтай холбоотой юм. 

Уг нь энэ хүсэлтийн дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг өчигдөр үдээс хойш зарлан хуралдуулахаар болсон ч гишүүдийн ирц бүрдээгүй. Иймээс тус дэд хорооны хуралдааныг өнөөдөр болгон хойшлуулсан юм. 

Хуульд зааснаар Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 48 цагийн дотор багтаан, хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрээ гаргах дэгтэй. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг бөгөөд тус дэд хороонд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын таван гишүүн харьяалагддаг юм.