АТГ-аас УЕП асан Д.Дорлигжавыг саатуулан шалгахаар болжээ

АТГ-аас дөнгөж сая УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр мөн ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийжээ.  Улмаар Д.Дорлигжавыг саатуулан шалгахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Хэрэв түүнийг саатуулан шалгаж эхэлбэл төрийн өндөр дээд албан тушаалтнууд бусдыг дарамтлан авлига авсны цаана ямар учир шалтгаан байв гээд олон асуудал хөврөх юм. Мөн энэ хэрэгт өөр ямар хүмүүс холбоотой вэ гэсэн асуудал ч олны анхаарлыг татна.  

Юутай ч “Алтан Дорнод Монгол" компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд өнгөрсөн оны сүүлээр хэвлэлд ярилцлага өгөхдөө УЕП  байсан Д.Дорлигжав 4 сая ам доллар нэхсэн тухай ярьсан. Улмаар дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн Баатарын данс руу шилжүүлмэгц түүнийг сулласан” хэмээсэн. Мөн түүнийг дээрх мэдээллийг хийсний дараа АТГ-аас "Д.Дорлигжавыг дуудан байцааж байгаа. Ингэхдээ бусдыг дарамтлан мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" хэмээж байсан. Харин Д.Дорлигжав дээрх мэдээллийг үгүйсгэж, Т.Ганболд миний дүүгийн данс руу дээр мөнгийг санаатайгаар хийсэн. Би түүнийг шалгуулна хэмээн мэдэгдэж байсан ч түүнийг ийнхүү саатуулан шалгахаар болжээ.

Мөн яг одоо 21:00 цагаас Т.Ганболд дээрх хэргийн талаар ярилцахаар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцоно гэсэн мэдээлэл байгаа юм.