Ж:Батзандан: Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах жагсаалыг энэ сарын 10-ны өдөр дахин зохион байгуулахаар болжээ. Энэ тухай өнөөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.  Тэд "УИХ-ын дарга М.Энхболдыг ёс зүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг шаардсан. Үүнээс хойш УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хурал хуралдахгүй өнөөдрийг хүрлээ. Дараа нь 40 гишүүн огцруулах шаардлага тавьсан. Үүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч хуулийн үндэслэл нэхээд сууж байна. Өнөөдөр Монголд ёс зүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй. МАНАН дэглэмийг устгах жагсаал хийсэн. Маш олон иргэн ирсэн. Харамсалтай нь, МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна. Иймээс нэгдүгээр сарын 10-ны өдөр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулна. 21 аймгийн төв талбайд бидний нэгдсэн тэмцэл, жагсаалыг хийнэ хэмээн мэдэгдсэн юм. 

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр "2018 онд эхэлсэн тэмцэл 2019 онд амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нохой жилд эхлүүлсэн тэмцэл гахай жилд ялалтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Бид МАНАН дэглэмд сануулга өгсөн. Одоо хариуцлагатай жагсаал байх болно. Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ "Бид энэ хүйтэнд суулт, өлсгөлөн зарлахаар амь биеэ хайрлахгүй тэмцэнэ. Монгол эхчүүд үр хүүхдийнхээ төлөө халуун гал, хүйтэн ус руу орохоос ч айдаггүй. УИХ-ын гишүүд бидэнтэй хамт өлсгөлөн зарлана гэж байна. Бид энэ сайхан залуучуудаа өлсгөлөн зарлуулж суулгамааргүй байна. Тиймээс эхний ээлжинд эхчүүд бид суулт хийж өлсгөлөн зарлана. Тиймээс биднийг өлсгөлсөн зарлатал битгий тэмцүүлээрэй, М.Энхболд оо” гэсэн юм. Мөн УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Тиймээс жагсаал хийх шаардлага бий юу гэсэн асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Үүнд хоёр асуудал байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр үүнийг хууль санаачлагчид нь буцаах эрсдэлтэй. Мөн чуулганаар хэлэлцээд явахад УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах магадлалтай. Хууль батлагдлаа гэхэд Ерөнхийлөгч хориг тавих, Төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлэгдэх гээд олон шат дараатай. Тиймээс энэ чуулганы хугацаанд батлагдахгүй, хаврын чуулган хүргэх магадлалтай" гэсэн юм.